Дэлхий нийтээр..
УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа.
Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Уг үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улс бол Үндсэн хуулиараа тунхагласан Парламентын засаглалтай орон. Үндсэн хуулиар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох, хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм чухал үүрэг Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнээр дамжин хэрэгждэг.
2016-2020 оны 7 дахь удаагийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. 2002 онд батлагдсан Стратеги төлөвлөгөөг ийнхүү 17 жилийн дараа шинэчилж, Алсын хараа, Эрхэм зорилгоо шинэчлэн тодорхойлсон.
Энэхүү Стратеги төлөвлөгөөнд “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйл, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ” хэмээн заасан. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газар шинэ Стратеги төлөвлөгөөтэй болсон. Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан.
Эдгээр баримт бичигт Улсын Их Хурлын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн-асуудлаарх сургалт, семинарыг холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар тусгасан. Мөн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулах, хууль тоггоох байгууллагыг шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, нотолгоо дүгнэлтээр хангах нь Парламентын судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн нэг байхаар тодорхойлсон юм. Цаашид Та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт мэдээллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эрхэм гишүүд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, санал хүсэлтээ ирүүлж, хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, парламентын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг улам сайжруулах чиглэлээр их амжилт олно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд ард түмний элчийн хувиар төрөө түших хүндэт үйлсэд нь амжилт хүсэв.


Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.

Энэхүү мэдээлэл, сургалтаар “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн зохицуулалт” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын гишүүний ёс зүй” сэдвээр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, “УИХ-ын гишүүний төсөв, хангамж, үйлчилгээ” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтох нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэн шинэчлэн баталсан бусад хууль, тогтоомжийн талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өглөө.
Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат оролцов.
Дашрамд тэмдэглэхэд, энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны болон Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиох юм.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/30
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/12/23
УОК: Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлана
-
Дэлхий нийтээр..2020/09/30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар з...
-
Дэлхий нийтээр..2022/09/15
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүл...
