Хэн юу хэлэв...
Я.Содбаатар: Ард түмний амь нас, аюулгүй байдлыг бид нэгт тавьж байна
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.
Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирснээр бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Манай улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.
Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа.
Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал.
Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөд байгаа гэсэн үг юм.
Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгасан.
Улсын хэмжээнд бүх эмнэлэг КОВИД-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна.
УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн КОВИД-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөд бэлэн байгааг танилцууллаа.
Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжид 880 ортой ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой гэлээ.
УХТЭ гэхэд ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартад нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс КОВИД-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна.
Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцолж байлаа.
Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээлэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой" гэлээ.
Шадар сайд бэлэн байдлыг шалгасны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.









Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Хэн юу хэлэв...2023/09/28
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад...
-
Дэлхий нийтээр..2025/10/09
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2021/05/25
Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов
-
Дэлхий нийтээр..2025/04/21
Нийслэлд гал түймрийн 94 дуудлага бүртгэгджээ
