Үйл явдал
Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж ажиллана
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналуудыг хэлэлцсэн тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаарх зарчмын шийдвэрүүдээ гаргаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотойгоор Зөвлөлийн гишүүд хуралдаанд оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Тодруулбал, Ардчилсан намын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар Ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана. Үндсэн хуулийн мөн чанар Ардчилсан үндсэн хуулийн цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Үндсэн хуулийг мөрдөхөд гарсан гажуудал, үүсгэсэн гол үр дагавруудыг засахгүйгээр өөрчлөлт гарахгүй. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн саналууд байгаа тухайгаа Д.Эрдэнэбат гишүүн онцоллоо. Тухайлбал,
Нэгдүгээрт: Сонгуулийн хэлбэр, яригдаж буй тогтолцооны тухай юм. Хэрвээ манай улс ардчилсан сонгодог парламенттай улс мөн л юм бол сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонголт. УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал, Засгийн газрын тогтвортой байдал, гишүүдийн ямар бүрэлдэхүүнтэй байна вэ гэдгээс онцгойлон шалтгаалдаг хүчин зүйл юм. Ер нь 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламентын нэгдмэл үйл ажиллагаа, бодлоготой байх, Засгийн газар нь тогтворгүй байх зэрэгт голлож ирсэн хүчин зүйл. Иймээс Үндсэн хуулийн гол суурь зарчим нь сонгодог парламентад сонгогдож байгаа их хурлын сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжиж байгаа.
Хоёрдугаарт: Үндсэн хуулийн нэг гажуудал нь тунхгийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байхгүй байна. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын тухай асуудал. Төрийн эдийн засгийн тухай бодлого зөвхөн төрийн төсөвтэй холбоотой, тэр тусмаа эсрэгээрээ УИХ-ын гишүүд төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн утгатай заалт орж ирсэн нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг, ард иргэд, орон нутгийн хөгжлийн эсрэг заалтыг улам баталгаажуулж байна. Бид шинэ үндсэн хуулиа өөрчилсөн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн бодлого өөрчлөгдөөгүй нь тогтворгүй байдал, иргэддээ хүрэхгүй байгаагийн гол уршиг болж байна. Өөрөөр хэлбэл бид төвлөрсөн социалист төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж чадаагүйн нэг хэлбэр бол өнөөдрийн эдийн засгийн гажуудал, иргэдийг ядуурлаас бууруулж чадаагүйтэй холбоотой. Зах зээлийн эдийн засаг дээр социалист аргаар хандаж болохгүй. Тийм учраас орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал орон нутгийн эдийн засгийн асуудал юм. Биет байх, татвараа өөрөө хураадаг байх, бие даасан төсвөө нутгийнхаа өөрөө удирдах ёсоор баталдаг байх байр суурийг илэрхийлнэ.
Гуравдугаарт: Нутгийн өөрөө удирдах ёс, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал. Энэ бүгд өөрөө нэгдмэл ойлголт гэж заасан байдаг. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас бид энэ асуудал дээр аймаг, нийслэл, хот, сум дүүргийн асуудлыг өнөөгийн түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оролцох нь зүйтэй. Ерөнхийлөгч мөн нэгдмэл байр суурьтай байгаа.
Дөрөвдүгээрт: Төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа. Энэ нь төрийн албанд нэгэнт орсон хүнийг халж болохгүй гэсэн нь гарах хаалгыг хааж байгаа асуудал гэж харагдаж байна. Гэхдээ асуудал нь гарах хаалгандаа биш, орох хаалгандаа байна. Өнөөдөр төрийн албаны тухай үндсэн хуульд тусгаж байгаа бол төрийн албанд орох босгыг үндсэн хуульд оруулах ёстой. Төрийн албанд орох шалгуур зарчим нь юу юм бэ гэдгээс шалтгаалж Үндсэн хуульд зайлшгүй оруулсны дараа төрийн албан хаагчийн ёс зүй, зарчмыг яригдана.
Тавдугаарт: Шүүхийн хяналт шийдвэрийн тал дээрх санал. Нэг их хуралд шүүхийг томилох асуудалд дангаараа орж байгаа нь буруу.
Зургадугаарт: Баялагийн сангийн асуудал. Байгалийн баялаг гэсэн ерөнхий нэр томъёогоос бид татгалзах ёстой. Энэ баялагийн санг байгуулах тухай асуудал дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Газар доорх эрдэнэсийг баялаг болгосны дараа үүний үнэ цэнэ, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах ард иргэдийнхээ амьдрал эрүүл мэндийг сайжруулах, хуримтлал бий болгох, баялагийн сангаар дамжуулж шударгаар бүтээх нь зарчмын хувьд зөв юм.
Эдгээрээс гадна ард түмний санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид Ерөнхийлөгчийн саналтай хамтран ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлэгт оролцоно. Хэрвээ Ерөнхийлөгчийн санал болон бидний тавьсан энэ зарчмын саналууд үнэмлэхүй олонхоор хүч түрэн шийдэхгүйгээр явбал Ардчилсан нам хэлэлцүүлэгт орох шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна гэлээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2023/10/10
Г.Занданшатар: Нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай
-
Дэлхий нийтээр..2022/05/04
Хотын дарга бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх тухай захирамж гаргалаа
-
Дэлхий нийтээр..2020/10/19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно
-
Үйл явдал2023/02/16
Монголын цэргийн эмч нар 467 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна
