Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
2020 оны 8 дугаар сарын 02-ноос 8 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Үйл явдал
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үйл явдал
Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжихгүй, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.
Израиль–Ливаны хил орчимд зөрчил намжаагүй бөгөөд харилцан довтолгоо, цэргийн шинжтэй үйл явдлууд тасралтгүй бүртгэгдэж буйг олон улсын байгууллагууд мэдээллээ. Үүний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг онцоллоо.
Үүний зэрэгцээ АНУ болон Ираны хоорондын харилцаа хурц хэвээр байгаа бөгөөд бүс нутагт цэргийн бэлэн байдал нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд, ялангуяа далайн тээврийн урсгалд тодорхой бус байдал үүссэнийг шинжээчид анхааруулав. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг мөн дурдлаа.
Сирид АНУ цэргийн оролцоогоо дуусгасны дараа тус улсын эрх баригчид өмнө нь ашиглагдаж байсан цэргийн баазуудыг бүрэн хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг бүс нутгийн хүчний харьцаанд тодорхой өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Нөгөөтэйгүүр, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг зөрчлийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалж, дипломат шугамаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Гэвч бодит ахиц хараахан гараагүй хэвээр байна.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж, газрын тосны үнэ хэлбэлзэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үргэлжилсээр байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
-
Дэлхий нийтээр..2025/05/19
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий...
-
Дэлхий нийтээр..2025/08/27
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2023/11/08
Азийн хөгжлийн банк Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид санал...
-
Дэлхий нийтээр..2020/03/09
Экспортын шаардлага хангаагүй нөөцийн махыг дотоодын хэрэгцээнд зарцуулна
