Хэн юу хэлэв...
Г.Даваазул: “Хэлгүй жим” киногоор дамжуулан залуу үедээ заавал хүргэх ёстой мессэж бий
Ахлагч О.БАЯРМАА
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
-Кино бүтсэн түүхээс яриагаа эхэлье?
-Манай “Этик” продакшн байгуулагдаад удаагүй байна. Нэг үгээр залуухан баг хамт олон. 2018 оны аравдугаар сарын 26-нд “Хүний цаана” нэртэй анхны уран бүтээлийн нээлтээ хийсэн. Уг бүтээлээ кино театруудаар гаргахын зэрэгцээ хөдөө орон нутгийн иргэддээ үзүүлсэн юм. Хөвсгөлд явахдаа хилийн 0257 дугаар ангийн хилчдэд үзүүлэх санал тавьсан. Учир нь “Хүний цаана” кино урд хөрштэй холбогдолтой орчин үеийн хийсвэр түүхээр бүтсэн юм. Киногоо толилуулсны дараахан хилийн 0257 дугаар ангийн хошууч Н.Отгонжаргал гэдэг залуу зочид буудалд ирээд улсын хил хамгаалах тушаал аваад эргэж ирээгүй гурван хилчний түүхийг ярьж өгсөн. Хилчид яг ийм эрсдэлтэй эргэж ирэх эсэх нь үл мэдэх албанд үүрэг гүйцэтгэдэг талаар нүдэнд харагдтал ярьж, амиа алдсан гурван хилчнийхээ түүхээр кино хийвэл ямар вэ гэсэн санал тавьсан юм. Үнэндээ анх энэ сэдвийн талаар сонирхож хүлээж аваагүй. /Инээв/ Учир нь уран бүтээлчдийг явсан газар бүрт “энэ сайхан сэдэв, уран бүтээл болговол” гэсэн санал байнга ирж байдаг. Дараа нь 2019 оны дөрөвдүгээр сард бид “Цуурхал” гэдэг кино хийгээд дахин хөдөө орон нутгаар явсан юм. Тэгсэн Н.Отгонжаргал ахиад буудалд хүрээд ирсэн. Ёстой салдаггүй нөхөр байна билээ. Энэ зүгээр сайхан уран бүтээлч найзуудын наргиа шүү. Уйгагүй хүний зан шүү дээ. Зорьсон бол үр дүнг нь үзэхээр тэмүүлдэг хүн ямагт нэгийг дуулгадаг тод жишээ энэ юм уу даа. Хөвсгөлийн хилд амиа алдсан хилчдийн талаар манай А.Энхжин бас сонирхож, судалж үзээд бодож явсан юм билээ. Тухайн үйл явдлын талаар хилчин хурандаа Ч.Алтангэрэл гэдэг хүн “Алуурчдын гарт амь үрэгдсэн хилчид” гэсэн шүүх хурлын тэмдэглэл шиг ном бичсэн байдаг. Тэр номыг А.Энхжин надад “Чи зохиол бичдэг хүн байна. Энэ номыг уншаад зохиол болгох боломж байна уу?” гээд өгсөн. Ингээд багийнхаа гишүүдтэйгээ ярилцаад бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино хийе, зохиолоо хэрхэн бичих вэ гэдэг тал дээр ярилцсан даа. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бас ойлгох нь чухал байх. Яг бодит түүхээр нь шууд хийвэл түүхэн баримтад кино болно. Харин бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино гэдэг зохиолчийн өөрийн фантази, уран сэтгэмжээс бүтдэг. Аливаа зүйл бүтэхээ хүрвэл бүх юм нь ар араасаа ундраад байдаг даа. Энэ уран бүтээл яг л тийм байсан. Зохиол бичигдээд дуусмагц ивээн тэтгэгч газрууд гарч ирээд тохироо бүрдэнэ гэдэг нь болсон. Кино уран бүтээл гэдэг тав, зургаан сая төгрөгөөр бүтдэггүй, хэдэн зуун сая төгрөгөөр яригддаг болохоор нэг талаасаа эхлэл тавигдана гэдэг өөрөө хамгийн том ажил юм.
-Түүхэн кино бүтээхэд зөвлөх заавал ажилладаг. Киноны зөвлөхөөр хэн ажилласан бэ. Түүхийн хувьд хүмүүсийн ам дамжсан олон салаа утга байдаг шүү дээ?
-Киноны зөвлөхөөр гурван хилчинтэй хамт алба хааж байсан бэлтгэл дэд хурандаа Г.Загд гуай ажилласан. Тухайн өдөр Г.Загд гуай хилийн манаанд явах байсан боловч Я.Баяраа хоёр найзтайгаа явах хүсэлт гаргаад зөвшөөрсөн гэдэг. Хилийн салбарт сайхан дотно нөхөрлөж байсан гурван хилчин байсан юм билээ. Энэ гурван хилчний түүхийг нутгийн иргэд ам дамжсан ярьсаар та бидний мэдэх хэд хэдэн хувилбарыг гаргаж ирсэн байдаг. Яг тухайн үеийн бодит үйл явдлыг бэлтгэл дэд хурандаа Г.Загд ярьж өгсөн. Тэр ярианаас нь зохиолдоо оруулж шигтгэх зүйл байсан ч зохиол бичигдээд зургийн төлөвлөгөө гараад жүжигчдэдээ үгээ суулгачихсан байсан тул үндсэн зохиолоо барьсан. Миний барьсан бас нэг бодлого бол тухайн үеийн хувцас хэрэгсэл, жижиг эдлэл, үг хэллэг, орчин нөхцөл дээр нь ихээхэн анхаарч, чухалчилж ажилласан.
-Кино баг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ. Жүжигчид түүхэн кинонд дүр бүтээх сонирхолтой байдагтай адил кино продакшны хувьд түүхэн кино бүтээнэ гэдэг бас нэг том амжилт байх?
-Кино урлаг гэдэг өөрөө хамтын бүтээл байдаг. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Зохиол гарсан даруйд зураглаачийн баг, дууны багийг хэрхэн сонгох уу, гол болон туслах дүрийн жүжигчдээ шалгаруулах гээд бодож төлөвлөх зүйл их. Кино баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай продакшны дэлгэцийн гурав дахь уран бүтээл түүхэн кино болж байна. Байгуулагдаад жил гаруй болж байгаа залуу багийн хувьд түүхэн кинонд хүч сорино гэдэг манай урлагийн тогоон дотроо чансаа шаардсан талбар. Цахим орчин хөгжсөн энэ нийгмээс заримдаа эмээнэ бас хурцлагдана. Залуу бацаанууд чадах уу гэсэн зүйлтэй ч нүүр тулсан. Кино зохиолоо бичих үедээ гурван хилчнийхээ бодит нэрийг нь өгөх үү гэж ярилцсан. Бодит нэрийг нь өгөхөөр баримтад кино болох гээд байсан учир нэрийг нь сольсон.
-Кино зураг авалт хэдэн өдөр үргэлжлэв?
-Ямар ч кино багийн бэлтгэл ажил 14 хоногоос гурван сар үргэлжилдэг. Энэ киноны зураг авалтын бэлтгэл ажил, хувцас хэрэгсэл, жижиг эдлэл гээд бүгдийг нь Улаанбаатар хотод 45 хоног цуглуулж бэлдсэн. Үндсэн зураг авалтын объект дээрээ нэлээн шахуу хөтөлбөртэйгээр 21 хоног үргэлжилсэн.
-Бараг нэг сар хил дээр ажилласан байна. Хил, хилчдийн талаарх төсөөлөл бодит байдалтай хэр нийцэж байв?
-Михиалд нэг бодол бий гэдэг шиг надад хилчдийн талаарх төсөөлөл бодол байсан. Гэхдээ зургийн үндсэн объектыг дутуу бодсон байна билээ. Бидний төсөөлж байснаас хэд дахин гайхалтай үзэсгэлэнтэй байгаль, объект угтсан. Үнэхээр нүд амраамаар. Миний хувьд хөдөөний хүүхэд учир морь, мал гээд ерөнхий ойлголт бол байсан. Харин кино багт хотоос хол гарч үзээгүй нөхөд зөндөө байсан. Тэр хэдэд маань сонирхолтой, эх орноо төсөөлөх төсөөллийг илүү бат суулгаж өгсөн байх. Кино зураг авалт шахуу төлөвлөгөөтэй байсан учир хөдөө хээр гараад даарахгүй, өлсөхгүй байвал ажил илүү хурдан явна гэсэн бодлыг тээж очсон. Харин манай хилчин бүсгүйчүүд 100 гаруй хүнийг төвөггүйхэн өдрийн гурав хооллоод гайхалтай мундаг байсан. Олон хүн дунд бас элдэв хоолны соёлтой хүн байна. Тэдэнд хүртэл тохируулж байсан шүү. Энэ дашрамд хилчин бүсгүйчүүддээ маш их баярлалаа гэж хэлье. Тэнд нэг анзаарсан юм гэвэл Хил хамгаалах байгууллага хилчдийнхээ ахуй хангалт, амьдрах орчинд үнэхээр сайн анхаардаг юм билээ. Бид олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан учир бас тэднийхээ алба, үйл ажиллагаанд нь төвөг саад болохгүйг ихэд хичээсэн. Хилчидтэй их сайхан гар нийлж ажилласан гэж бодож байна. Гар нийлэмжтэй ажиллагаа гэдэг бол бүгдийг саадгүй сайхан бүтээхийн нэр шүү дээ.
-Кино баг хаяанд нь ажиллаж байхад хилчдэд маань багахан ч гэсэн кино дүрсэнд орох боломж олдсон болов уу?
-Тийм тохиол байлгүй яахав. Олны хэсэгт нэлээн оролцсон. Жүжигчид бидэнд ч гэсэн киноны нэгээхэн хэсэгт тоглох хүртэл сайхан байдаг. Хилийн салбарын хилчид ажлынхаа хажуугааар тувачуудын болоод олны хэсэгт орж нэлээн гүйсэн дээ. Мөн хоёр хөөрхөн хүү, охин бас тоглосон. Я.Баяраа агсны гэр бүлийн хүн болох Урнаа эгч, хүүтэйгээ хамт оролцсон.
-Та манай хилчид гээд их дотно яриад байна. Дотно сайхан найзалсан хилчдэдээ “Эх орны манаа” сониноор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Тэгэлгүй яахав. Миний, манай хилчид шүү дээ. Хилийн 0298 салбарын СЭО, ахмад Даваадорж “нөхөр” минь сайн байна уу. Манай салбарын хилчид бүгд сайн байгаа биз дээ. Энд ирээд хилчин бүсгүйчүүдийнхээ гарын хоолыг санах шинжтэй гэдгээ давхар уламжлъя. Бидний хамтдаа бүтээсэн кино амжилт олно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тун удахгүй та бүхэн дээрээ киногоо тэврээд очно. Тэр цагт хамтдаа уран бүтээлээ үзэж, омогшъё.
-Кино зохиолчийн хувьд дүрээ бодож, төсөөлж бүтээсэн байх. Жүжигчдийг хэрхэн сонгон шалгаруулж авав?
-Хэдий бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино боловч гэрч байхгүй. Тиймээс гол дүрийн гурван баатар дээрээ тулгуурлаж зохиолоо бичсэн. Үйл явдлын өрнөлийн хувьд бол цэвэр зохиолчийн уран сэтгэмжээр бүтсэн. Түүнээс тухайн үеийн тува хүмүүс яг ямар төрхтэй, яаж алхаж гэшгэдэг байсан талаар үнэндээ төсөөлөл байгаагүй. Жүжигчид сонгон шалгаруулах тал дээр маш их ажилласан. Бас бэрхшээлтэй байсан. Туршлагатай уран бүтээлчдийг сонгож тоглуулахыг бодсон. Тиймээс бүгд мэргэжлийн жүжигчид тоглосон. Гол дүрийн гурван жүжигчинтэйгээ аль болох төстэй дүр төрхтэй хүн олохыг хичээсэн. Учир нь мөр зэрэгцэн ажиллаж байсан, гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг болохоор тэд хараад нэг тийм сайхан сэтгэлийн цангаа нь тайлагдаад урам аваасай гэж бодсон. Энэ бол уран бүтээл хийсний минь гавьяа. Мөн бид үзэгчдэд сонин, содон байх болов уу гэсэн үүднээс тувачуудыг шууд тува хэлээр нь оруулсан байгаа.
-Тува хэлээр гэдэг нь сонирхолтой байна. Тува хэлний зөвлөхөөр хэн ажилласан бэ?
-Бид бас их эрэл хайгуул болсон л доо. Оточмаарамба дээд сургуульд суралцдаг гурван Тува оюутанг олсон. Тэр гурав тува хэлний бүрэн орчуулга, дуудлага дээр ажилласан. Эхлээд жүжигчид монгол хэл дээр тоглосны дараа дуу оруулалтаар тува хэл дээр хөрвүүлсэн.
-Танай продакшны хувьд хойч үедээ тэмдэглэж үлдээх ёстой нэгэн түүхийг бичилцлээ гэж бодож байна?
-“Этик” продакшныг үүсгэн байгуулахдаа А.Энхжин бид хоёр “Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян Монгол баян” гэдэг үзэл баримтлыг бат шингээж ажлаа эхлүүлсэн. Тиймээс анхны бүтээлээ “Хүний цаана” гэдэг уран сайхны киногоор эхэлсэн. Хойч үедээ юм үлдээнэ гэдэг өөрөө асар том хариуцлага, бас хүн болж төрсний үүрэг гэж боддог. Орчин үеийн залуус хотоос гараад хамгийн холдоо гэхэд Тэрэлж л орж байгаа байх. Тэд таван хошуу мал, улсын хил гэж юу байдгийг үнэндээ мэдэхгүй. “Хэлгүй жим” киногоор дамжуулан залуу үедээ заавал хүргэх ёстой мэссэж гэж бий. Бид хоёр өнөөдөр өөр өөрсдийн гэсэн мэргэжил эзэмшээд хэнээс ч айж эмээхгүйгээр ярилцаад сууж байна. Хэдий Улаанбаатарын зам түгжрэлтэй ч хөл залгуулах унагаа тайван унах эрх бидэнд бий. Энэ мэтчилэн бид амгалан тайван амьдарч чадаж байна. Гэтэл энэ тайван амьдралын гол цөм нь улсын хилийн бүрэн бүтэн байдал, түүнийг сахин хамгаалж буй үе үеийн хилчдийн гавьяа. Киноныхоо төгсгөлд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайгаар гол санаагаа уншуулсан.
-“Хэлгүй жим” гэдэг нэрний учир?
-Нэрний учрыг киногоо үзээд л ойлгоно. Хүн бүхэн өөр өөр тайлбарлаж, хүлээж авч байна. Зарим нь монгол хэлний дүрэм мэддэггүй, хүний хэлний хэл юм уу, хил хязгаарын хил юм уу гээд нэлээн таавар шүүмж дагуулсан.
-Кино хэр удаан театруудаар үргэлжлэх вэ?
-Хэр удаан үргэлжлэхийг үзэгчдийн таашаал мэднэ дээ. Кино театрууд үзэгчдийн тоо 50 хувиас доош болчихвол буулгачихдаг. Үүний дараа IPTV-д байрлуулна. Хилийн 0257 дугаар ангийн хамт олондоо болон бусад хилчдэдээ хүргэнэ гэж бодож байна. Энэ цаг хугацаа тун удахгүй байх.
-Хамгийн том ивээн тэтгэгчид?
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Үйл явдал2023/08/18
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Үйл явдал2025/10/15
Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
-
Дэлхий нийтээр..2025/09/19
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт...
-
Дэлхий нийтээр..2024/09/02
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан бол...
