Дэлхий нийтээр..
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд голын усанд автомашинтайгаа суусан 235 иргэнийг амь насыг хамгаалж, 38 автомашиныг татан гаргаж, аюулгүй болгон ажиллалаа. 2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усны ослын 39 дуудлагад давхардсан тоогоор 400 орчим алба хаагч ажиллаж, 144 хүний амь насыг авран хамгаалаад байна.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон:

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн 6 дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2300 тонн, “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс энэ сарын 26-ны өдрийн хооронд гэрийн тусгаарлалт, ажиглалтад 10703 иргэн байгаа бол 1342 иргэн өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байна.
Хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд, багачууд, сурагчдад амны хаалтыг тогтмол зүүлгэх, гар ариутгагчийг өгч явуулах, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сахихыг сануулж байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Компанийн засаглал түүний ач холбогдлын талаар хэлэлцлээ
-
Дэлхий нийтээр..2024/10/18
“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг...
-
Дэлхий нийтээр..2021/04/09
С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэ...
-
Үйл явдал2020/07/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
