Хэн юу хэлэв...
Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онд хэрхэн түншлэх асуудлаар бизнесмэнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын аюулаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бодитой хүндрэлүүд үүсэж байгаа нь бизнес эрхлэгчдэд ч хүндээр тусаж байгааг үг хэлсэн бизнесмэнүүд онцолж байлаа. Засгийн газраас энэхүү хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байгаад талархаж байлаа. Ялангуяа “Ковид-19” вирусын халдвар, тархалтаас сэргиийлэх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх МҮХАҮТ-аас энэ оны нэгдүгээр сараас эхэлж хийсэн судалгаагаар татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд, харилцах дансны хүүг тэглэсэн, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан зэрэг нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлж чадсан байна. Цаашид банкны зээлийн хүү дэлхийд байхгүй өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдийн нуруунд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид хэлж байв.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд хамаатай олон чухал асуудал тусгагдаад байгааг Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Л.Халтар нар бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд хариулж, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулах боломжуудыг тайлбарлаж өгсөн.

Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг гоё уриа лоозон байдлаар ярих бус бодитой ажил болгохын төлөө хамтрах, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь зөв гэдэгт талууд санал нэгдсэн юм. Төр бүхнийг хийх бус харин МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэнтэй зөв хамтарч ажиллавал ойрын жилүүдэд цар тахлаас үүдэж хүндрэх төлөвтэй байгаа эдийн засгаа тэлж, тэрхүү тэлэлтийг иргэдэд өгөөж болгож хүртээх бүрэн боломжтой. Засгийн газар урт хугацааны бодлоготой болж, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хуагцааны төлөвлөлтүүдийг хийж байгаа нь хямралыг боломж болгох бас нэг давуу тал. Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов.



Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
