Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Монгол Улсын усан хил тайван байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
 
Зөөлөн ногоон хамбан дээр хөл нүцгэн гүймээр... Зүггүйхэн хүүхэд насандаа эргээд нэг очмоор тийм сайхан. Зүймэл хөх үүлс, миний сэтгэл хоёр эрхлэлдэн наадах мэт замын уртад ханьсана. Үе үе ганц нэгхэн бороон дусал хаялах нь гуниг нэмэх ч тэгэсхийгээд үргэх нь талын салхины шид гэлтэй. Машины цонхоор хийсэх шанхны минь үс, талын салхины аясаар бүжих хялганы найгах тэр л уран тансаг хөдөлгөөн. Энэ бүхнийг сэтгэлдээ зураглах зуурт зурайх замын үзүүрт алсад хянах цамхаг тодрох нь яг л сэтгэлийн шигтгээ мэт.

Бидний хөлөглөж яваа Хилийн 0132 дугаар ангийн фургон  автомашин хилдээ 17 дахь жилдээ давхиж яваа нь энэ гэнэ. Фургоны онгорхой цонхоор таанын үнэр хамар сэтлэм ханхийнэ. Ай миний нутгийн хивс адил өргөн дэвсэг юутай сайхан. Цэлгэр талын охин би таана, мангирын энэ л үнэрийг санажээ. Гэхдээ эх орны зүүн хязгаарт зуншлага ийн сайхан байхад баруун зүгийн нутаг минь гантай дуулдаж сэтгэл чилээх. За даа хүн гэгч өөрийн сэтгэлээ зураглавал юутай ийтэйгээ уралдан чихцэлдэн багтаж ядах ажээ. Ингээд өөрийн сэтгэлийн зураглалыг орхин томилолтын сонинд шилжье. 

ЗОРИЛГОН ДОТОРХ ЗОРИЛГО БУЮУ “СЭТГҮҮЛЧИД ТОРГОН ХИЛД”

Миний бие ээлжит томилолтоо өвөртлөн алдарт Мэнэнгийн талаар давхиж яваа нь энэ л дээ. Энэ удаагийн томилолт хос зорилгыг агуулав. Хил хамгаалах байгууллагаас жил бүр “Сэтгүүлчид торгон хилд” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өглөөний сонин”, ТВ8 телевиз, “Визард” студийн мэргэжил нэгт нөхөдтэй дөрөө харшуулан усан хил хамгаалалт, гэрээт хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилах зорилго агуулсан билээ. Нөгөө нэг зорилго гэвээс “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэх.

Энэ удаад бид хамтран уран бүтээл хийх замаар хилчдийн алба үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах, таниулахыг зорьсон. Тиймээс ч “Хилчин” болон “Визард” студи хамтран “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийн наймдугаар сарын дугаарыг бэлтгэв. Хилчдийн үйл ажиллагааг тэднийг нүдээр зураглах, бид тэдэнд хилчдийнхээ мөн чанарыг ойлгуулах буюу хоёр утсыг нэг үзүүрт зангидахыг зорив.

Угаас олон нийттэй харилцах албаны чиг үүрэг хил, хилчдийнхээ алба үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, түгээх, зөвөөр таниулах явдал шүү дээ. Усан хилчид, гэрээт хилчдийн алба үйл ажиллагааны талаар бид харилцан мэдээлэл түгээж, дотносон сайхан танилцсан. Гадны сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг та бүхэн "ХХЕГ-ын олон нийттэй харилцах алба" цахим хуудсаар дамжуулан хүлээн аваарай. 

БҮСГҮЙЧҮҮД НЬ ЭЗГҮЙ ХИЛИЙН САЛБАРТ

Хилийн 0252, 0132 дугаар ангийг дамнан хилийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарт оройхон хүрч очив. Бүсгүйчүүд Улаанбаатар хот руу нэгдсэн цугларалт, сургалтад хамрагдахаар явсан гэдгийг салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин дуулгалаа. Тиймээс ч "...бүсгүйчүүдийн эзгүй өдрүүд чанга байна шүү" гээд инээв. Бүсгүйчүүд бидний эзгүйд гал тогооны ажил эрчүүдэд хамгийн хүнд үүрэг хариуцлага болдог гэдэг шүү дээ. Тус хилийн салбарынхан энэ хариуцлагатай үүргийг гэрээт хилчин Ө.Зоригт хариуцуулжээ. Ахлах тогооч Ө.Зориг хоёр туслахтай аж. Залуус биднийг сайхан гульяшаар дайлав.

Гэрээт хилчин Ө.Зориг цэргийн албанд татагдахаас өмнө ресторанд ажиллаж байсан учраас чадвар болоод мэдрэмж нөхдөөсөө илүүрхэх тул ийнхүү А тогоочоор өргөмжлөгджээ. Барилгын бүлэг, гэрээтүүд гээд өдрийн туршид хоол цай гэсээр тэд ачаалалтай харагдана билээ. Бид эрчүүдийнхээ бэлтгэсэн гарын хоолоор дайлуулаад маргаашийн ажлаа төлөвлөн хуваарилаад амарлаа. Шинэ өдөр. Өглөө эртийн наранд Буйр нуур мөнгөн долгиогоо гялбуулан сэтгэл баясгах нь сайхан. Усан зогсоолын дэргэд салбарын инженер, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалт эрхэлсэн орлогч, ахлагч О.Оргилболд гэрээтүүдтэйгээ нуурын эрэгт зураг авалтын бэлтгэл хангаж байхтай таарав.

Нуурын давлагаанд мурийсан инженерийн байгууламжийг засаж, сэлбэж байгаа нь энэ аж. Нуурын мандал хүчтэй давлагаалж, хөвөгч усан зогсоолыг дотогш түржээ. Мөн бэхэлгээний олс нь зангуунаасаа тасарсан байна гэв. Тус хаалтанд тогтсон замгийг тэд түүж тэгшлээд хөнгөн хүлгүүдийн бэлэн байдлыг хангаж эхлэв. Гэрээтүүд усны нойтон өмсгөлөөр хангагдсаныг анзаарлаа. Өнгөрсөн жил залуус нуурын хүйтэн усанд хэн түрүүлж орохоо хуруудан шодож байсан нь санаанд буув. Харин энэ жил зориулалтын өмсгөлтэй болсноор олон давуу тал байгааг гэрээтүүд ярив. Хил хамгаалах байгууллагаас усан хил хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл ажил хэрэг болж байгааг миний бие нүдээр харлаа.

Өнгөрсөн оны  наймдугаар сард миний бие тус хилийн салбарт томилолтоор ажилласан билээ. Өнгөрсөн зун баригдаж эхэлж байсан усан хилийн техник хадгалах байр ашиглалтад оржээ. Хилийн 0219 дүгээр салбарын инженер, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалт эрхэлсэн орлогч, ахлагч О.Оргилболд усан хил хамгаалалтад ашиглагдаж байгаа бүхий л техник хэрэгслийг хариуцан ажилладаг. Хөнгөн хөлөг, усны мотоцикль, цасны чарга болон бусад тусгай хэрэгслүүдийг байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг тэрбээр үзүүлж сонирхуулав. Үнэтэй техник хэрэгслийг ийнхүү зориулалтын орчин нөхцөлд тодорхой горимын дагуу байрлуулснаар ашиглалт эдэлгээнд олон давуу талтайг ярив. 

ЗУРГААН АЙЛЫН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Хилийн аль ч ангид хүрсэн зуны дэлгэр цагт бүтээн байгуулалт өрнүүлэн угтах нь сайхан. Бүсгүйчүүд сааль сүүгээ базааж, харин эрчүүд нь хашаа хороо, хадлан тэжээл, өвлийн бэлтгэлээ хангах гээд ажил их. Айл гэрээр жишвэл ажилсаг энэ өрх өвөлд өнтэй орох нь тодорхой зураглал тодрох аж. Энэ дүр зургийг Хилийн 0306 дугаар ангиас олж харав. 2020 он гарсаар хилийн 0260 дугаар салбарыг төвлөрсөн эрчим хүчинд холбожээ. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн бэлтгэл заставт засвар хийсэн байна.

Аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр ангийн төвд цэцэрлэг, бага сургууль байгуулагдахаар болсонтой холбоотойгоор бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Хилийн 0306 дугаар анги хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хилийн салбаруудын барилга байгууламжийг үе шаттайгаар шинэчилж байгаа аж. Үүний нэг нь хилийн 0219 дүгээр салбарт зургаан айлын орон сууцыг барьж байгаа явдал юм. Ажлын явц 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд зургаан айлын орон сууцыг хилчдийн баярын өдөр ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байлаа. Хилийн 0306 дугаар ангийн Барилга орон сууцны албаны дарга, ахлах дэслэгч Ш.Баасанпүрэвсүрэнгээр ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилсаг шоргоолжнуудын ажил урагштай явна билээ. Ажилчдын орон сууц 1978 онд ашиглалтад орсон бөгөөд элэгдэж хуучран актлагдах шаардлагатай болжээ. 

ГУРВАН ХҮҮГИЙН АМИЙГ АВАРСАН ААВЫН ТАЛАРХАЛ 

Уншигч та бүхэн мэднэ. Өнгөрсөн долдугаар сарын 11-ний өдөр шүү дээ. Баяр наадмын өдөр хүн бүр гэр бүлээрээ сайхан цаг хугацааг өнгөрүүлэхийг хүснэ. Энэ ч ёсоор Ж.Пунцагийн гэр бүл Буйр нуурт амрахаар зорьжээ. Гэтэл хүүхдүүд нь завьтайгаа тоглож байгаад нуурын гүн рүү яах ийхийн зуургүй хөвсөн байна. Тэр өдөр нуур давалгаа ихтэй ч байж. Хилчид цаг хугацаа алдахгүй хурдан шуурхай эрлийн ажиллагааг зохион байгуулан гурван хүүг аварчээ. Энэ үйл явдлын дараа иргэн Ж.Пунцаг элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн хилчдэд талархсан сэтгэлээ юугаар илэрхийлэх билээ гэж дотроо удтал боджээ. Тиймээс хилийн салбарын хилчдэд талархсан сэтгэлээ өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн байхтай бид таарав.

Иргэн Ж.Пунцаг, “Баатарлаг зоригт хилчид болох Хилийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин,  хөнгөн хөлгийн жолооч, механик, ахлах ахлагч Ү.Чулуунсүх, гэрээт хилчин, байлдагч Э.Санги-Очир нарт талархал илэрхийлэхээр ирлээ. Би өөрөө цэргийн хүн учраас үрсийн минь амийг аварсан эрхэм хүмүүст юу дурсгах вэ гэж их бодсон. Сэлэм хадгалуулья гэж хамгийн түрүүнд сэтгэлд буусан л даа. Тиймээс ч Турк улсаас захиалуулан сэлэм авчруулсан. Миний аав, ах хүний амь аварч явсан гээд хожим дурсаж явбал сайхан юм даа” гэлээ. “Хөрстийг тамгалах үрсийг минь амь үл хайрлан аварсан ачтан танд дурсгав” гэж сэлэм дээр сийлсэн байлаа. Тэрбээр мөн ангийн хамт олонд халуун талархлыг өөрийн гарын бэлгийн хамт гардуулсан юм.

Буйр нуур БНХАУ-тай 30.7 км усаар хиллэдэг. Хилийн 0306 дугаар ангийн 0219, 0312 дугаар салбарууд Буйр нуурын усан хил хамгаалалтыг зохион байгуулахад голлох үүргийг хүлээсээр байна. Жилээс жилд тус чиглэлийг зорих аялагч амрагчдын тоо нэмэгдсээр байгаа нь хилчдийн ачааллыг нэмэгдүүлсээр байгаа юм. Аялагч амрагчдыг даган тодорхой хүндрэлүүд үүсэж буйн нэгэн жишээ нь дээрх болсон явдал юм. Тус салбарын хилчид улсын хил хамгаалалтыг зохион байгуулахаас гадна орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг давхар сахиулан зуны саруудад ачаалалтай үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хэдийгээр хилчдийн шууд хүлээх үүрэг биш ч гэлээ ийм хариуцлагыг хилчид  үүрсээр байгаа юм. Тиймээс ч хилчдээс ур чадвар, тэсвэр хатуужил шаардаж байгааг мэдэрлээ.

УСАН ХИЛЧДИЙН ӨДӨР 

Яг үнэндээ тэднийгээ ийм сайхан тэмдэглэлт өдөртэй гэж мэдэхгүй явжээ. Анх 2009 онд хурандаа Д.Чойбаатар хилийн 0306 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус өдрийг бий болгосон гэнэ. Жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдөр тэд баяраа даруухнаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил баярынхаа өдөр өргөн хөтөлбөр гаргасан боловч нэвтрүүлгийн зураг авалт давхцаж таарав. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүд Улаанбаатар хот руу сургалт цугларалтад хамрагдахаар явсан эзгүй тул эрчүүдэд давхар ачаалал оногджээ. Дор хаяж баярын ширээ засах гэтэл нарийн зууш хийж, ширээгээ чимэглэж чадахгүй байгаагаа бидэнд ярив. Тэдний яриаг сонсоод манай бүлгийн сэтгүүлч бүсгүй ууттай чихрээ барин сандрав.

Усан хилчдийн өдрөөр залуус өдөржин завгүй зураг авалттай өнжив. Тиймээс ч төлөвлөгдсөн баярын арга хэмжээ хойшлогдож зарим нь цуцлагдаж орхив. Энэ явдалд бид хэрэндээ санаа зовнисоор. Тэгтэл салбарын захирагч ер нь аливаа тэмдэглэлт баяраар ихэнхдээ баярлаж амждаггүй гэдгээ ярилаа. Баярын өдрөө өргөн дэлгэр тэмдэглэж амжаагүй ч Хилийн 0219 дүгээр салбарын хилчид он гарсаар 11 хүний алтан амийг аварсан бахдам сайхан мэдээтэй баяраа эгэл даруухан тэмдэглэсэн. Өдөржин зураг авалттай пижигнэсэн бид орой үдэшлэгийн арга хэмжээ хамтран зохиов.

Залуус ч үдэшлэгийн арга хэмжээнд ач холбогдол өгч хослол өмсөн, үнэртэй усаа цацан гангарсан байлаа. Үүнийг харсан манай багийн сэтгүүлч бүсгүйчүүд сандран уруулаа будан, плажаа өмсөн гангарцгаан хөл болцгоов. Харилцан бие биенийгээ хүндэтгэж байгаа нь тэр шүү дээ. Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын нэрэмжит салбарын жагсаалын талбайд хөгжөөнт тоглоом тоглож, бүжинхэн нэгэн үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлэв.

Ийнхүү хөх мөнгөн тэнгэр, газрын саан эмжээр Буйр нуурын усан хилийг хамгаалж байгаа хилчдийнхээ алба үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэсэн бид тавьсан зорилгодоо амжилттай хүрээд буцлаа. Монгол Улсын усан хил тайван байна. Мэргэшсэн хилчдээр мануулж байгаа учраас нутгийн ард түмэн ч хилчдэд бат итгэл хүлээлгэжээ. 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?

Огноо:

,

Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.

Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.

Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.

Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.

Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.

Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.

Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.

Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.

Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.

Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.

Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.

Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.

Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.

Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.

Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.

Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.

Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?

Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.

Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.

Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.

Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/06/05

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлө...

Дэлхий нийтээр..2026/06/05

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Үйл явдал2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Дэлхий нийтээр..2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Үйл явдал2026/06/05

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Үйл явдал2026/06/05

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Үйл явдал2026/06/05

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Үйл явдал2026/06/05

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Үйл явдал2026/06/05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Үйл явдал2026/06/05

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Үйл явдал2026/06/05

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Үйл явдал2026/06/04

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэ...

Үйл явдал2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Үйл явдал2026/06/04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Үйл явдал2026/06/04

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Үйл явдал2026/06/04

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Үйл явдал2026/06/04

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..2026/06/04

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Үйл явдал2026/06/04

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/06/04

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Үйл явдал2026/06/04

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Дэлхий нийтээр..2026/06/03

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..2026/06/03

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..2026/06/03

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..2026/06/03

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...2026/06/03

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал2026/06/03

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал2026/06/03

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал2026/06/03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Санал болгох