Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна
- Шаамар-Зэлтэр чиглэл дэх 120,85 км автозамын барилгын угсралтын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байна -
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцав.
Монгол Улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Улаанбаатар- Алтанбулаг" чиглэлийн ОУ-ын автозамаас Шаамар, Зүүнбүрэн , Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан байдаг.
Монгол Улсад атар газар эзэмшиж , газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан Улсын болон Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол ач холбогдолтой авто зам тул хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар иржээ. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс автозамыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2019 оны 239 дугаар тогтоолоор баталж байсан.
Үүний дагуу "Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур -Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл"-ийн барих, шилжүүлэх төслийг "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болсон.
Төслийн автозам нь Сэлэнгэ аймгийн Шаамар , Цагааннуур , Зүүнбүрэн , Түшиг сумдын нутаг дэвсгэрт баригдана. Төлөвлөж буй лам нь Улаанбаатар -Дархан- Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дах км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр төвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр , Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусна.

Төлөвлөж буй замын нийт урт 120.85км аж. Мөн энэхүү автозамын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт , шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулж холбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас гадаадын инженер ,техникийн ажиллах хүч орж ирж чадаагүйн улмаас ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ.
Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31 -ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах аж. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар , хязгааргүй хөдөлгөөн ХХК -ийн түншлэл ажиллаж байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2023/07/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Дэлхий нийтээр..2020/09/18
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон суу...
-
Дэлхий нийтээр..2022/06/10
Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа
