Хэн юу хэлэв...
Хироко Хирахора: Монгол Улсын батальон НҮБ-ын чухал хэсэг гэдгээ дахин харууллаа
БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн. Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спортоор хичээллэх цогц талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн.
Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл спортын яамны Хойд Лиеч муж болон эрүүл мэнд хариуцсан дарга нар, мужийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодуудын дасгалжуулагч, баг тамирчид, НҮБ-ын, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.
Хүндэт зочид, орон нутгийн удирдлага, хуран цугласан хүүхэд, залуус шинэхэн засварласан спорт талбайгаа сэтгэл бахдам хүлээн авч баярлаж талархсанаа илэрхийлсэн нь цэнхэр дуулгатан бүтээлч залуусын маань урам зоригийг улам өөдөө бадраалаа.
Нээлтийн үеэр Мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн Иргэн цэргийн харилцааны офицер, ахмад н.Ням: “Бид энэ удаагийн хүмүүнлэгийн үйлсээ Хойд Лиечмужийн “Бентью” хотын хүүхэд залууст хэрэгтэй зүйлийг нь хийж өгөхөөр шийдвэрлэн батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан богино хугацаанд, бага хүчээр энэ том ажлын ард гарлаа. Хүмүүнлэгийн энэ удаагийн үйлст оролцсон залуус бид олон улсын стандартад нийцэхүйц хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг будаж засварлан хөлбөмбөгийн талбайд хоёр ширхэг сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэж, биеийн тамирын савлуур, дүүжин, цогцолборын эргэн тойронд 30 ширхэг урт сандлыг хийж байршууллаа. Нээлтийн арга хэмжээнд оролцохоор олноор хуран цугласан орон нутгийн хүүхэд, залууст шинэхэн засварласан спорт тоглоомын цогцолбороо хүлээлгэн өглөө. Орон нутгийн удирдлага болоод хүүхэд залуус сэтгэл өндөр талархаж байгааг нь сонсох сайхан байна. Энэ бол Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны цэнхэр дуулгатан хөдөлмөрч авьяаслаг залуусын нөр их хөдөлмөр билээ. Бид нөхөрсөг тоглолтоор талбайн нээлтээ хийж оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрэн хэрэгсэл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөгийн торнууд, бөмбөг тус бүрээс 5 ширхэгийг, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэгсэл, тоглоомын хамт бэлэглэсэн”.
НҮБ-ын UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора: “Энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монгол Улсын батальон орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ үйл Судан Улсын хүүхэд залууст нэн хэрэгтэй байсан нь энд хуран цугласан олныг харахад нь маш тодорхой харагдаж байна. Монгол Улсын батальоны залуус үнэхээрийн ач холбогдолтой чухал үйлийг сэтгэл зүрхнээсээ хийлээ. Монгол Улсын VIII мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаагаас гадна энэ улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд анхаарч байгаад маш баяртай байна. Тийм болохоор Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг дахин харуулж байна”.
БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамны Хойд Лиеч муж хариуцсан дарга, ноён Лаам: “Бентью” хотын Доктор Жон Грангийн нэрэмжит спорт тоглоомын талбайн нээлтийн арга хэмжээ болж байна. МОНБАТТ-ын цэргийн алба хаагчид манай иргэдэд маш сайхан зүйлсийг бүтээж өглөө. Тэдний энэхүү ажлыг хийхэд тусалсан UNMISS ажиллагааны Мужийн зохицуулагчийн албанд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ялангуяа Монгол цэргүүд маш ухаалгаар гарын доорх материалыг ашиглан бүтээлчээр ажиллан энэхүү өнгөлөг сайхан стандартад нийцсэн цогцолборыг хийж бүтээсэнд маш их баярлаж байгаагаа дахин хэлье. Та бүхний гэгээн үйлс дардан байг”.
“Бентью” хотын хөлбөмбөгийн холбооны дарга, ноён Филлиф: Монбаттын залуучууд бидэнд хөл бөмбөгийн талбайг хийж өгөхөөс гадна сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайг тохижуулж өгсөнд маш их баярлаж байна. Тэдний ажилд манай хөлбөмбөгийн холбооны хүүхэд багачууд боломжоороо тусалж дэмжиж бидний зүгээс гар бие оролцсондоо баяртай байна. Энэ ажил тэдний сүүлийн ажил биш гэж бодож байна.Дараа дараагийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Хөл бөмбөгийнбагийн ахлагч, Жан Жоүк: Та бүхэнтэй уулзаж байгаадаа мөн ийм сайхан талбайг засварлаж өгсөнд баяртай байна. Талбайн нээлтийн арга хэмжээний нөхөрсөг тоглолтод Монгол Улсын хөлбөмбөгийн багтай анх удаа тоглолоо. Дараагийн удаа дахин тоглоно гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: ЗХЖШ







Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
