Дэлхий нийтээр..
У.Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрбээр энэ үеэр “Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.

Засгийн газар энэ хүрээнд Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулийн 933 багш, 1700 гаруй ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, шаардлагатай мэдээлэл харилцаа, технологийн тоног төхөөрөмжөөр хангаж, орон сууцных нь нөхцөлийг сайжруулах юм. Өнөөдрийн байдлаар аймгийн цэцэрлэгт 5500 орчим, ерөнхий боловсролын сургуульд 13 мянга гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ хүүхдүүдэд чанартай боловсрол, сайн хүмүүжил олгох нь аймгийн хөгжлийн ирээдүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед теле хичээл, цахим сургалт явуулж байсанд талархал илэрхийлж, боловсролын салбарын төсвийг бууруулахгүй байх зарчим баримталж байгааг хэлэв. Цаашид багш нар нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, бусдыг манлайлан ажиллахыг уриаллаа.
Мөн аймагт баригдаж байгаа нэгдүгээр цэцэрлэг, тавдугаар сургуулийг богино хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Цэцэрлэг, сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 90 хувьд хүрч сургуулийн ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоо гарсан байна. Засгийн газар 2019-2020 онд 119 цэцэрлэг, 71 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1442 цэцэрлэг, 841 сургуульд 930 орчим мянган хүүхэд сурч байгаа нь өмнөх оноос 40 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон иргэдтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2021/01/29
Имарт “Дэм дэмэндээ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үз...
-
Дэлхий нийтээр..2023/05/08
Азийн хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалт боллоо
-
Дэлхий нийтээр..2025/04/16
Эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байраар хангаж, хөдөлмөрлөх боломжий...
-
Дэлхий нийтээр..2023/05/01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбарын төлөөлөлтэй уулзав...
