Дэлхий нийтээр..
“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Сэлэнгэ” сургууль нь 2008 оноос “Дархан” нэртэйгээр анх хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, Монгол Улсын Онцгой комиссын өгсөн шийдвэр,зөвлөмжийн дагуу анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Угтаа уг сургууль нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан ба энэ жил ОХУ-ын Буриадын “Бурдун”-ы полигонд зохион байгуулагдах товтой байсан юм.
Энэ удаагийн сургуулийг “Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах” гэсэн сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төв, зэвсэглэл, цэргийн техникийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 10 нэгтгэл, ангийн цэргийн алба хаагчид мэргэжлийнхээ дагуу үүрэг гүйцэтгэсэн юм. “Сэлэнгэ” сургуулийн үр дүнд хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын холбогдолтой билээ.
"Сэлэнгэ-2020" сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, сургуулийн штабын даргаар Хуурай замын цэргийн командлалын төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар, батальоны захирагчаар Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Л.Тамираа, батальоны штабын даргаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн МББ-ын захирагч, хошууч А.Ганболд нар ажилласан юм. "Сэлэнгэ-2020" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн удирдагчийн бодлого төлөвлөгөөгөөр батальоны тактикийн бүлгийг отолтын бүлэг, маневрын бүлэг, дайрах бүлэг, самнах бүлэг, гал цохилтын бүлгээр зохион байгуулж, тактикийн болон галын цохилт, маневрын харилцан ажиллагааг хангаж явуулснаараа онцлог болсон юм.
Сургуулийн хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй албаны хүмүүс оролцож, сургуулийн нэгдсэн буудлага болон цэргийн техникийн ёслолын жагсаалыг үзэж сонирхов.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг сургуулийн хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулсан болон оролцсон нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 13 жилийн өмнө “Дархан” нэртэйгээр эхэлсэн энэхүү тактикийн хээрийн сургууль өнөөдөр олон талаар үр дүнгээ өгч, хоёр орны цэргийн хамтын ажиллагааг тогтвортой бөгөөд өндөр түвшинд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг энэ удаагийн сургуулийн бодлого, зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн цэргийн алба хаагчдадаа хүндэт индрийн өмнөөс онцлоход таатай байна.
Намрын дунд сарын энэ хүйтэн өдрүүдэд цасан шуурга, жиндүүхэн салхийг ч ажралгүй өгөгдсөн үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхийн төлөө цэрэг хүний ёсоор зүтгэсэн эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, ажилтан албан хаагчдадаа цаашдын албанд нь өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм. Үүний дараа зарим алба хаагчдыг Батлан хамгаалах салбарын шагнал болон Хуурай замын цэргийн командлалын дурсгалын цагаар, оролцсон нийт бие бүрэлдэхүүнийг “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн медаль, батламжаар шагнаж, урамшуулсан юм. Сургуулийн төгсгөлд ЦДБЭЧ-ын авьяаслаг уран бүтээлчид цэрэг бүжиг, цэрэг дуугаар голлосон урлагийн тоглолтоо дэглэлээ.
Ахлах дэслэгч Д.Болормаа


































Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Тод зураг2020/03/19
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/02/09
ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж&r...
-
Дэлхий нийтээр..2025/07/25
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил ...
-
Дэлхий нийтээр..2021/05/12
Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг илрүүлж, устгалаа
