Дэлхий нийтээр..
ЗГ: Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл хугацаанд олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд:
- Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох
- 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх
- 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх
- 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх
- 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх
- Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах
- Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах
- Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах
- Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх
- Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах
- Бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэх
- Оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх
- Татвар, гаалийн байгууллага тайлан гаргах, татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх зэргээ цахимжуулах
- Татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох
- Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх
- Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах
- Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх
- Бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах
- Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх зэрэг шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, засаг, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Хүнд үеийг эв нэгдэлтэй байж, халдварын тархалтыг зогсоож, хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
