Дэлхий нийтээр..
Б.Буджаргал 61 цагийн дараах байдлаар 400 км зам туулжээ
АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал гурван өдөр буюу 61 цагийн дараах байдлаар 400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна.
Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа. Манай тамирчин тэмцээний үеэр дэлхийн рекорд амжилт тогтоохыг гол зорилгоо болгож байгаа.
Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.
Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Тэдэндээ Zindaa.mn сайт хамтран тэмцээний явцыг тодорхой цагуудад шууд дамжуулан хүргэж байгаа.
Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярилаа. Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна.
Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод, тэмцээнээ үргэлжлүүлж байна.



Гурван өдрийн дараах байдлаар арын тамирчнаасаа 100 гаруй км-ээр түрүүлэн, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байгаа Б.Буджаргал энэ тэмцээнд Дэлхийн рекорд амжилтыг тогтоох чин хүсэлт, том зорилготой байгааг дээр дурьдсан. Энэ зорилгыг биелүүлэх үүд хаалгыг Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ны хамт олноос эхлээд олон байгууллага, хувь хүн, сайхан сэтгэлт монголчууд нээж өгснийг дурьдах нь зөв.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамж АНУ-д болж байгаа тэмцээнд очих зардал мөнгийг шийдэж өгснөөр Тайландад олон сар гацсан Б.Буджаргал эхлээд хилийн дээс алхах боломжтой болсон. Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, түүний төрсөн нутаг Өмнөговь аймгийн ард түмэн, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ, түүнийг дэмжигч олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
