Хэн юу хэлэв...
Г.Дөлгөөн: Ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ
Эх сурвалж: Монголбанк
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа.
- Арилжааны банкууд энэ цаг үед яг ямар зарчмаар ажиллаж байгаа вэ. Гадаад болон дотоод төлбөр тооцоонд ямар нэгэн саад учрахгүй гэх баталгаа байна уу?
- Арилжааны банкуудын төв оффис ажиллаж байгаа. Ялангуяа банкуудын төлбөр тооцоо, голлох бүтээгдэхүүн борлуулалтын нэгжүүд байнгын ажиллагаатай ажиллаж байгаа учраас өнөөдрийн байдлаар төлбөр тооцоонд ямар нэгэн саад учраагүй хэвийн байна. Хөл хорионы хугацаанд Монголбанкнаас болон банкууд лавлах утас ажиллуулан иргэд, харилцагчдаас ирэх ямарваа санал хүсэлтэд шуурхай хариу өгч ажиллаж байгаа. Гадаад төлбөр тооцоо ч мөн хэвийн хийгдэж байна. Хэрэв гадаад төлбөр тооцоотой холбоотой ойлгомжгүй асуудал гарвал харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсанд холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой.
- Энэ үед аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа зогссоноос үүдэн иргэдийн хамгийн түрүүнд сонирхож байгаа асуудал бол зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтүүд тавьж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
- Мэдээж тодорхой зохицуулалт хийх боломжтой. Өмнө нь 2020 оны 3 дугаар сард бэлэн байдлын зэрэгт шилжихэд УИХ, Засгийн газар, тэр дундаа Монголбанк, Сангийн яамны зүгээс нэлээд олон арга хэмжээ авч ажилласан. Төв банкны хувьд бол иргэдийн хэрэглээний болон бизнесийн, ипотекийн зээлийн нөхцөлүүдэд өөрчлөлт оруулж, цар тахлын үед ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулсан. Тэгэхээр төв банкнаас дээрх гаргасан шийдвэрүүдийн ипотекийн зээлээс бусад зээлийн төрлүүд дэх өөрчлөлтүүд 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр хэрэгжиж байгаа. Ипотекийн зээлийн хувьд 6-9 дүгээр сар хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, мөн хугацаанаас хойш хэвийн төлөлт рүүгээ шилжсэн. Харин одоогийн нөхцөл байдлын хувьд Монголбанкны зүгээс энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын үргэлжлэх хугацаа, санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Хэрэв нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох эрсдэл тулгарвал Монголбанк дараагийн шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно. Төв банк өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга, ЭЗБХ-ны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлээр дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудын хооронд ажлууд яригдаж байна. Эцсийн шийдвэр энэ долоо хоногтоо гарах болов уу.
- Цаашлаад хүүг царцаах тухай асуудлыг иргэдээс тавьж байна шүү дээ.
- Хамгийн гол нь банкны системдээ доргио үүсгэхгүйгээр, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа харилцан уялдуулж, мөн зорилтот бүлгийн хувьд яг аль хэсэг рүү чиглэх вэ гэдгийг нэлээд нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.
- Хөл хорионы үед валютын ханшийн хөдөлгөөнд хэр зэрэг өөрчлөлт орохоор байна вэ, хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
- Урсгал дансны алдагдлаас хамаарч Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн хугацаанд тогтмол алдагдалтай гарч байгаа. Үүн дээр хилийн хориг, аж ахуй нэгжийн бондын төлөлт хийгдсэний улмаас оны эхэнд ханшинд дарамт үүсч байсан ч сүүлийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Оны эхнээс төгрөг, ам.долларын эсрэг ойролцоогоор 4.3 хувиар суларсан. Үүний ихэнх өөрчлөлт оны эхний хагаст ажиглагдсан. Оны эхнээс хойш импорт, экспортын хэмжээ буурсан ч 2 дугаар хагасаас эхэлж экспорт сэргэлээ. Олон улсад алтны үнэ өсөж байгаа нь эргээд манайх руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид ханшийг тогтвортой байлгахад экспортын хэмжээг өнөөгийн түвшинд буюу нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар экспортод ямар нэгэн хориг, саад тавиагүй хэвийн үргэлжилж байгаа учраас ханшид ирэх дарамт бага байхаар байна.
- Ирэх оны мөнгөний бодлогоор инфляцыг 6 хувь орчимд барина гэж Монголбанк зорьсон ч хөл хорио тогтоож, эдийн засгийн идэвхжил буурахаар байна шүү дээ. Ийм тохиолдолд дээрх зорилт хэрэгжих боломжтой юу?
- Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд инфляц 1.4 хувьтай байна. Дэлхий дахинд шатахууны үнэ буурсан, мөн махны үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан инфляц буурч байна. Тэгэхээр ирэх жил эдийн засаг өснө гэсэн хүлээлттэйгээр +/- 2 интервалтайгаар 6 хувийн инфляцын зорилтыг дэвшүүлсэн. Мөн бусад улс орны эдийн засгийн хүчин зүйлс, хүлээлттэйгээ уялдан энэхүү зорилтыг тодорхойлсон. Удахгүй Ковид-19-ын вакцин гарах талаар дэлхий нийт мэдээлж эхэлж байгаа нь сайн хэрэг. Учир нь вирусний улмаас үүдэлтэй тодорхойгүй байдлаа шийдвэрлэх боломж харагдана гэсэн үг шүү дээ.
- Иргэдээс хамгийн их ирж байгаа асуултын нэг бол гэрийн хөл хорионд байгаа энэ үед банкнаас мөнгөө авъя гэхээр банк ажиллахгүй байна, энэ тохиолдолд яах вэ гэдэгт тайлбар өгнө үү.
- Товчхондоо төлбөр тооцоог аль болох цахимаар буюу онлайнаар гүйцэтгэх хэрэгтэй. Гэхдээ цахим гүйлгээг ашигладаггүй иргэд бий. Таны асуусантай холбогдуулан хэлэхэд, ойрын өдрүүдэд халамж, тэтгэврийн мөнгө олгох хугацаа болсон нь энэ асуудлыг иргэд илүүтэй их тавьж байгаа байх. Үүнийг ойлгомжтой, цэгцтэй болгохын тулд Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэлээд идэвхтэй ажиллаж, үйлчилгээ үзүүлж буй томоохон салбар нэгжтэй банкуудтай харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж байна. Тиймээс иргэдэд аль болох хүндрэл дарамт үүсгэлгүйгээр шийдэхэд анхаарч байна. Гэхдээ аль болох бэлэн мөнгөтэй харьцахаас зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Монголбанкны зүгээс энэ чиглэлээр банкуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.
- Хадгаламжтай хүмүүс яах вэ?
- Хадгаламжтай иргэд мэдээж онлайнаар төлбөр, тооцоогоо хийх боломжтой. Хэрвээ томоохон дүнтэй гүйлгээ хийхээр болвол тухайн банкиндаа хандаад, төв оффис дээр нь очиж, үйлчилгээ авахад нээлттэй.
Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үйл явдал2022/04/11
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/12/08
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголр...
-
Үйл явдал2023/08/14
Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
-
Дэлхий нийтээр..2019/08/30
Сангийн дэд сайд Х.Булгантуяа Азийн төлөөх Боао форумд илтгэл тавилаа
