Үйл явдал
Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг төсөлд тусгах асуудлаар хуралдлаа
Цуврал хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намуудын зүгээс тавьж байгааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улс төрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр хамтарч хуралдлаа. Хуралдаанд дэд ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга нар, зарим дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа.

Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав.
Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийллээ.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн.
Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өглөө.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2024/12/09
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэл...
-
Хэн юу хэлэв...2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
-
Үйл явдал2025/04/10
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан
-
Дэлхий нийтээр..2022/01/04
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
