Үйл явдал
Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт болно
Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны 18.00 цагт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV-ээр шууд хүрнэ.
“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод ОХУ-ын дуучин Алсу, Германы “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, реппер Нана, Холливудын од Стивен Сигал, Өвөрмонголын дуучин Тэнгэр, Алдарт хуурч Чибулаг, “Алсад сууга ээж” дуугаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Уужим хүү болон Өвөрмонголын “Хөх хээр, “Хангай” хамтлаг, Халимагийн алдарт Жангарч Цагаан зам, дуучин Диана, Буриадын дуучин Мэдэгма, Алиханзе, Сариуна, Саха Якутын гавьяат дуучин Саарын, Тувагийн Дэмбэрэл Оржак нар хилийн чанадаас ая дуугаа өргөнө.
Мөн Хүүхдийн төлөө бүхнийг уриалгад Монголын алдартай хамтлаг дуучид бүгд нэгдэж буй бөгөөд “Харанга”, “Хурд”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Г.Ариунбаатар, дуучин Ука, бяцхан од Энжи, Уянга, дуучин Б.Алтанжаргал нар болон Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид оролцоно.
Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1971 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Бүхнийг хүүхдийн төлөө уриалгад нэгдэж, багачууддаа зориулцгаая.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
