Дэлхий нийтээр..
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна.
Үүнд:
- Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн
Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.
- Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
- Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
- Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
- Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
- Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
- Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.
2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай
Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. /Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./
Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/11/16
“Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэн нэ...
-
Дэлхий нийтээр..2020/08/08
Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна
-
Дэлхий нийтээр..2020/08/01
Мэндчилгээ
-
Дэлхий нийтээр..2022/06/09
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан Хэнтий аймагт болно
