Үйл явдал
Д. Машбат : “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм”
Хамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?
Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг.
Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг.
Сонирхолтой юм аа.
Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл мэндэд ашиг тустай. Жил бүр бид “5 өнгө” буюу өнгө өнгийн жимсний талаар болон ач тусыг нь таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг.

Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор 4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог.
Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол ...
Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг хичээдэг. Жимс жимсгэнүүдээ хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү таалагддана.

Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт.
Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог.
Тэр үнэн. Тийм учраас жимсний амт, чихэрлэгийг хэмждэг брикс гэж багаж, технологийг бид ашигладаг. Олон улсын стандарт шалгуур л даа. Жишээ нь болц нь гүйцсэн алимны брикс нь 15-16 байхад үйлчлүүлэгчдэд хамгийн их таалагдана. Энэ бол стандарт хангасан алим гэх мэт бүх жимс өөрийн стандарттай. Бид яг түүнд нь тохирсон жимсийг авч худалдаална.

Өөр нэг чухал зүйл бол агуулах. Маш сайн жимсийг тээвэрлэж авч ирсний дараа зориулалтын агуулахгүй бол хадгалах явцдаа чанарыг нь муутгах магадлалтай. Бидний хувьд стандартын дагуу хадгалт хийгээд лангуун дээр гаргаж байгаа тул шинэхэнээрээ байж чаддаг. Бас хамтад нь хадгалж болдоггүй жимснүүд ч гэж байдаг.

Алим, усан үзэмийг тарвас, лийр, гадил, авокадо жимстэй, жүржийг усан үзэмтэй хадгалах юм бол чанар алдагддаг. Нэг нь амьсгалдаг жимс, нөгөө нь хурц амт үнэрийг өөртөө шингээх чанартай ч гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн нарийн технологийг хангаснаар амт чанартай жимс үйлчлүүлэгчдэд очдог. Үүн дээр нэмээд хэлэхэд жимсийг хэрхэн сонгож хэрэглэх нь бас чухал байдаг.

Жишээ нь бага зэрэг ногоон өнгөтэй гадилыг хөргөгчинд хийлгүй гялгар уутанд хийгээд тасалгааны хэмд тавихад 1 хоногийн дотор шарлан идэхэд бэлэн амттай болдог. Авокадо жимсийг сонгохдоо хэд хоногийн дараа идэх бол хатуу ногоон өнгөтэйг, шууд идэх бол хүрэн бор өнгөтэй орой хэсгийг дарж үзэхэд бага зэрэг зөөлөрсөнг сонгодог. Та бидний байнга хэрэглэх дуртай мандарин нь Африк болон Испани улсын сортыг барьж үзэхэд хатуу илүү исгэлэн амт давамгайлсан байдаг бол Солонгос, Турк улсыг сорт нь барьж үзэхэд зөөлөн, хальслахад маш хялбар, чихэрлэг амт илүү давамгайлсан байдаг онцлогтой.
Хэрэглэгч бүхэн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүй гэдэгтээ та санал нийлэх үү
Яг үнэн. Би ярианыхаа эхэнд дурдсан, олон төрлийн жимсний хэрэглээг бий болгохын төлөө олон ажлууд зохион байгуулж байгаа гэж. Ингэхийн тулд зөвхөн харилцагчаас жимс аваад энэ ажлыг хийх боломжгүй үе бий. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүчээр судалгаа хийгээд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Жишээ нь Интоор.

Энэ жимсийг Монголчууд компотноос л идэж байсан. Жимсээрээ зардаг хэдий ч маш үнэтэй худалдаалагддаг байсан. Үнийг нь 5 дахин буулгаж зах зээлд гаргаснаар үйлчлүүлэгчид маш ихээр авч хэрэглэж байсан нь саяхан. Бид коконат, манго жимсийг мөн ийм зарчмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгосон. Имарт зөвхөн худалдаа үйлчилгээ борлуулалтандаа анхаарахаас гадна ард түмнийхэ хүнсний хэрэглээний боловсролд анхааран МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ гэсэн уриан дор маш олон ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид ч олон аян хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Үйл явдал
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




Үйл явдал
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Үйл явдал
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Дэлхий нийтээр..2025/10/28
Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй
-
Дэлхий нийтээр..2021/09/08
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
-
Дэлхий нийтээр..2020/06/26
Элсэлтийн ерөнхий шалгалтын журмаас
-
Үйл явдал2023/08/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
