Дэлхий нийтээр..
Цар тахлын үед авлигыг бууруулах 5 хэрэгсэл
Дэлхийг хамарсан цар тахал эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын салбарын сул талуудыг гаргаж ирсэнтэй адил мөн төрийн санхүүгийн удирдлагын сул талуудыг ил гаргалаа. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Засгийн газрууд хэрхэн шударга, ил тод байдал болон хурд хоёрын хооронд тэнцвэр олохыг хичээж буй талаарх мэдээлэл дүүрэн байна. Тэдгээр мэдээлэлд вирусын эсрэг вакцин худалдан авах нууц гэрээнүүд, нийлүүлэлтийн хэт өндөр үнэ болон тусламжийн хөрөнгийн зарцуулалт дахь авлигын талаар дурдагдаж байна.
Мэдээжийн хэрэг удирдлагын сул тал, төсвийн хөрөнгийн үр ашиггүй удирдлага, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах асуудал нь шинэ зүйл бус юм. Гэвч цар тахалын үед авлигын асуудал чухал болж байна. Ковид -19-тэй тэмцэх хүчин чармайлт гаргаж буй яг энэ мөчид бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гурван зүйл байна. Үүнд: 1) нэн яаралтай, хууль ёсны зардлууд, тухайлбал, тусламжийн багц санхүүжүүлэхэд бараа, бүтээгдэхүүн хэт өндөр үнээр худалдан авах, хурдтай хорогдож буй багавтар нөөцийг зориулалтын бусаар ашиглах; 2) стандартын бус тоног төхөөрөмж, эсхүл төрийн үйлчилгээнд гарч болох доголдлууд олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулах талтай; 3) мөн хамгийн чухал нь засгийн газарт итгэх олон нийтийн итгэлийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласнаар алдах явдал юм. Тухайлбал, засгийн газарт итгэх итгэл алдарснаар вакцин хийлгэхээс татгалзах иргэдийн тоо өсөж болзошгүй ба энэ нь вакцины үр ашгийг бууруулах аюултай юм. Гэтэл бид эдгээр шинж тэмдгийг одоо ажиглаж байна.
Бид засгийн газарт үл итгэх байдлыг залруулах, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Олон нийтийн итгэл нь зөвхөн цар тахалыг амжилттай даван гарахад төдийгүй нийгмийн нэгдмэл байдлыг хадгалан авч үлдэх хамгаалалтын хана юм.
Төсвийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох ингэснээр өнөөгийн хямралд нөлөөлөх арга хэмжээнүүдийг сайжруулах, практикт үр дүнгээ өгсөн, засгийн газруудад олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд ашиглаж болох хэрэгслүүд олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, буяны байгууллага зэрэгт байдаг.
- Ил тод байдлыг нэмэгдүүлэх
Ихэнх засгийн газрууд интернетэд, цахим орчинд ил тод байдлыг дээшлүүлэх платформуудыг хөгжүүлээгүй. Тухайлбал, бүх төсөв, худалдан авалтын бүх гэрээ хэлцлүүдийг цахимжуулах шаардлагатай. Энэ нь маш хялбар бөгөөд аль эрт хийх ёстой юм. Засгийн газрууд маш их мэдээллийг дотоод хэрэгцээнд, эсхүл хандивлагч байгууллагуудад гаргаж өгдөг. Гэвч эдгээр мэдээлэл олон нийтэд ил болдоггүй. Энэ бол техникийн гэхээсээ илүү улс төрийн асуудал юм.
Төрийн худалдан авалтын гэрээ, хэлцэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод байлгах шинэчлэл - “Нээлттэй гэрээний хамтын ажиллагаа” (Open Contracting Partnership)-г олон улс оронд ашигладаг. Тухайлбал, Парагвай, Украин зэрэг улсыг дурдаж болно. Бусад улс орнууд эдгээрийг хэрэгжүүлэх ёстой.
- Иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулах
Транспэрэнси интернэшнл байгууллагын сүүлийн судалгаагаар хариуцлагын арга хэмжээнүүд байгаа нөхцөлд ил тод байдал нь үр ашигтай хэрэгсэл болдог байна. Бид төрийн үйлчилгээ хүргэж буй байдал, төрийн зардлыг хянах иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хүчин чармайлтыг дэмжих ёстой юм.
Иргэний нийгмийн байгууллагуудад Засгийн газрын хариуцлагатай байдлыг хангах, иргэдтэй хамтран ажиллах загвар, хэрэгслүүд байдаг. Тухайлбал, Өмнөд Африкийн бүх нутгаар албан бус 200 гаруй суурингуудад Олон улсын төсвийн хамтын ажиллагааны нөхөрлөл, тэдний гишүүд цар тахлын үеийн төрийн чухал үйлчилгээний талаарх мэдээллийг гар утсаар явуулж буй асуулгын тусламжтай авч байна.
3. Технологийг ашиглах
Технологи нь авлигыг бууруулах боломжтой юм. Цахим худалдан авалт, төсвөөс гадна мөнгөн гүйлгээг технологийн тусламжтай хянаснаар өнөөгийн хямралын үед хөрөнгийг хамгийн илүүтэйгээр шаардлагатай эмзэг бүлгийнхэнд аюулгүй болон үр ашигтайгаар хүргэх явдал юм.
Энэтхэг Улсад биометрик хэмжээссээр таних төлбөрийн систем нь авлигыг бууруулсан ба төрийн нийгмийн хөтөлбөрүүдийг сайжруулсан байна.
4. Төрийн зохих байгууллагуудыг оролцуулах
Төрийн аудитийн байгууллага нь төрийн санхүүгийн хариуцлагыг хангах байгууллага ба хуулиар эрх нь олгогдсон. Гэвч эдгээр нь хараат бус байдал, чиг үүрэг, нөөцийн хувьд хязгаарлагдмал байдаг. Бид эдгээр байгууллагуудыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлж байх ёстой юм.
5. Олон улсын байгууллагууд
Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд туслах боломжтой.
Дэлхийн Банкны Дэлхийн засаглал хариуцсан захирал Эд Олово-Окере “цар тахалд үзүүлж буй хариу үйлдэл авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн тэмдэглэсэн байна. Иймд Дэлхийн банк эдгээр эрсдэлээс зайлсхийхийн тулд улс орнуудад зориулсан “Ковид-19 эсрэг арга хэмжээнүүдэд ил тод байплыг хангах” зөвлөмж боловсруулсан.
Баримтыг хадгалах нь хангалттгүй гэдгийг бид мэднэ. Иргэний нийгмийн байгууллагууд, хяналтын байгууллагуудад эдгээр баримтууд нээлттэй байх ёстой. Энэ нь шаардлагатай байгаа хариуцлагатай байдлыг бий болгоно.
“Энэ хямралын цаг үед шаардлагатай байгаа бол зарцуул, харин ухаалгаар зарцуулж бүх баримтаа хадгал” хэмээн Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлсэн.
Бид бүгд засгийн газруудад өөрийн боломжийг үр ашигтай, шударгааар төрийн хөрөнгийн зарцуулах, олон нийтийн итгэлийг олж авах, хадгалахад туслах боломжтой юм.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/11/10
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилттэй тэмцэхтэй холбоото...
-
Дэлхий нийтээр..2023/06/29
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2021/03/09
"Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДД...
-
Тод зураг2020/03/02
Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ?
