Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
2021 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4, 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 7-нд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2020/09/17
Хилчин тамирчдад хүндэтгэл үзүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/01/22
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу&rd...
-
Дэлхий нийтээр..2023/05/19
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд Монголд ажиллаж байна
-
Үйл явдал2019/07/08
Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд үйлчилгээнд гарлаа
