Дэлхий нийтээр..
Ц.Туваан АН-ын даргад нэр дэвшигчдийг Х.Баттулгын хүмүүсээр бүрдүүлжээ
АН үнэндээ л онигоо болж байна. Хоёр тамга, хоёр дарга, хоёр дүрэмтэй болчихоод байгаа энэ намд дахин хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нар бие биетэйгээ өрсөлдөн АН-ын даргад нэр дэвшигч нарт батламж гардуулав.
“АН-ыг авч үлдэнэ, хэн нэг хүний хувийн компани болгохгүй” гэж мэдэгдээд байгаа С.Эрдэнэ аргаа барсандаа буурал Э.Бат-Үүлийг дуудаж авчиран нэг батламж бичиж, халаасанд нь хийж өгөөд явууллаа.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас заавал дахин нэр дэвшүүлэх, дэвшүүлэх дэвшүүлэхдээ ямар нэг өрсөлдөгч үгүйгээр гаргаж ирэх даалгавар авсан Ц.Туваан Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нарт батламж гардуулаад байна.
С.Эрдэнийн нэр дэвшүүлээд байгаа С.Бат-Үүл гишүүний хувьд Ц.Тувааны нэр дэвшигч нараас олон талаараа давуу. Гэвч Х.Баттулга намын даргын сунгаанаас өмнө түүнийг авлига, албан тушаалын хэргээр шоронд хийчих вий гэж АН-ынхан айж байна. Энэ айдас ор хоосон зүйл биш.
Х.Баттулга шүүх эрх мэдлийг гартаа авч, дуртай хүнээ яаж яллаж, шоронд илгээж, бас айлгаж байгааг сүүлийн үед бол буй үйл явдлууд баталж байгаа. Харин Х.Баттулгатай үзэл бодол, халаас нэгтэй Ц.Туваан яг Х.Баттулгыг найдвартай дэмжих өөрийн хүмүүсээ энэ удаа намын даргад сойхоор бэлтгэжээ.

Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Х.Баттулгатай дотно холбоотой, түүнийг сайд байхад Чингэс бондноос 5 тэрбум төгрөг авч байсан, түншүүд. Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд Ц.Туваантай ойрын хамаатан, Төв аймгийн улсууд.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшингийн хувьд Х.Баттулгатай хамгийн ойр байгаа хүмүүсийн нэг. Х.Баттулга Р.Амартүвшин нар нийлж “Хятадуудад 30 мянган хонь өгсөн, ЕТГ-тай хамтран “Малчдад ээлтэй төр” төслийг хэрэгжүүлэн, онд орохгүй бог малыг 30 000 төгрөгөөр худалдан авах ажиллагааг Баянхонгор аймгаас эхлэн зохион байгуулсан юм байна. Тэгээд махыг нь Мах импекст хямд үнээр өгчээ. Эндээс харахад Ц.Туваан зөвхөн Х.Баттулгын талын хүмүүсийг АН-ын даргын сунгаанд бүртгэв. Тэдний хэн ч ялсан Х.Баттулгад ашигтай.
Ийм хор найруулахын тулд Х.Баттулгын зааварчилгаагаар ЦТуваан нь Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Галиндэв нарыг улаан цайм нэр дэвшилтнээс хасч, олон өрсөлдөгч гаргаж ирэхгүйн тулд сонгуулийн зардлыг 1,2 тэрбумаар тогтоожээ. Т.Энхсайхнаас эхлээд 14 хүн дэнчингийн мөнгөө төлж чадахгүй нэрээ татав. Одоо Х.Баттулгын даалгавараар АН-ын сунгаанд оролцож байгаа Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Р.Амартүвшин нар тус бүр 300 сая төгрөг төлж өрсөлдөнө. Энэ мөнгийг Х.Баттулга халааснаасаа гаргаад өгчих нь тодорхой.
Гэхдээ АН-ыг хоёр талцуулан байж дахин Ерөнхийлөгч болохоор улаарч суугаа Х.Баттулгын энэ шунал АН-ын нэр хүндийг навсайтал унагаж, шившгийн хөндий рүү чирж байгаад намын гишүүд нь бухимдаж байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2022/01/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2023/04/12
БОАЖЯ: Түймрийн эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа
-
Дэлхий нийтээр..2025/06/10
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
-
Дэлхий нийтээр..2021/07/06
Энэ онд малчид ямар компанид ноосоо тушааснаар урамшуулалд хамрагдах боломжтой в...
