Үйл явдал
Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулав
Энэ жил Монгол Улсын Зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын томоохон ажлууд шил шилээ даран эрчимтэй өрнөж байгаа билээ. Тэр дундаа агаарын тээврийн салбар саяхан олон улсын шинэ нисэх буудлын барилга байгууламжаа ашиглалтад хүлээн авсан бол алс баруун хязгаар нутаг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын аэродромын явгалах замд өргөтгөл хийж, наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов.
Хархираа хайрханы өвөрт орших 330 гаруй жилийн түүхтэй Улаангом хотод анх 1956 оны намар хоёр эсгий гэртэй сууриа тавьж байсан Дэглий цагаан нисэх буудал эдүгээ улам бүр өргөжиж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм. Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415,6х15 метрээс 415,6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.
Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг батлуулсан. Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг энэ өвлийн улирлаас хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны 3 дугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм. Мөн с..үүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой юм.



Үйл явдал
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үйл явдал
Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжихгүй, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.
Израиль–Ливаны хил орчимд зөрчил намжаагүй бөгөөд харилцан довтолгоо, цэргийн шинжтэй үйл явдлууд тасралтгүй бүртгэгдэж буйг олон улсын байгууллагууд мэдээллээ. Үүний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг онцоллоо.
Үүний зэрэгцээ АНУ болон Ираны хоорондын харилцаа хурц хэвээр байгаа бөгөөд бүс нутагт цэргийн бэлэн байдал нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд, ялангуяа далайн тээврийн урсгалд тодорхой бус байдал үүссэнийг шинжээчид анхааруулав. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг мөн дурдлаа.
Сирид АНУ цэргийн оролцоогоо дуусгасны дараа тус улсын эрх баригчид өмнө нь ашиглагдаж байсан цэргийн баазуудыг бүрэн хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг бүс нутгийн хүчний харьцаанд тодорхой өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Нөгөөтэйгүүр, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг зөрчлийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалж, дипломат шугамаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Гэвч бодит ахиц хараахан гараагүй хэвээр байна.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж, газрын тосны үнэ хэлбэлзэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үргэлжилсээр байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
-
Дэлхий нийтээр..2020/07/30
Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой
-
Дэлхий нийтээр..2025/10/16
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
-
Хэн юу хэлэв...2021/10/28
Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэр...
-
Дэлхий нийтээр..2020/09/28
Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллоо
