Хэн юу хэлэв...
Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч
Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа.
-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү?
-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цахилгаан, сантехникийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч, түргэн шуурхай барагдуулдаг. Тухайн иргэний гэрт нь очиж, үйлчилгээ үзүүлдгээрээ орон сууц, нийт аж ахуйн үйлчилгээ онцлогтой. Хэдэн цагт ч хамаагүй дуудлага өгсөн бол сантехникийн засварчин, цахилгаанчин очиж, засвар, үйлчилгээг хийж өгдөг, хэрэглэгчдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ. Орон сууцны байр барихад 1-2 жилийн хугацаа шаарддаг бол барилга баригдсанаас хойших хугацааны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Зам, талбайн үйлчлэгчийн ажлыг хараад шууд үнэлэлт өгч болдог бол бидний үзүүлдэг үйлчилгээ газар доор, айлын хананы цаана, орон сууцны хонгилд зэрэг далд байдаг учраас шууд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүндрэлтэй. Тиймээс бидний үйлчилгээг мэдэрье гэвэл тухайн орон сууцанд амьдарч байж мэдэрнэ. Таны гэр ая тухтай, дулаан байна уу, халаалт, халуун, хүйтэн ус хэвийн байна уу, бохир бөглөрөөгүй хэвийн байна уу гэдгийг тухайн оршин суугч л мэдэрдэг.
-Оршин суугч, хэрэглэгчдийн зүгээс анхаарах зүйл юу байдаг вэ?
-Тухайн айлд байгаа цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ, тоноглолууд тухайн айлын өмч байдаг. Тиймээс өөрийн өмчдөө анхаарч, цаг тухай бүрд нь мэргэжлийн байгууллагад дуудлага өгч, засвар үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь ус алдах зэрэг гарч болох эрсдэлээс хамгаална. Мөн дулаан, эрчим хүч, усаа хэмнэх ёстой. Хаалга, хана, цонхоор дулаан алддаг. Энэ бүгдэд анхаарах хэрэгтэй. Оршин суугчид гэртээ засвар хийхдээ обой, шал, тавилгаа сольдог ч инженерийн шугам сүлжээгээ орхигдуулдаг. Залгуур, гэрлийн унтраалга, угаалтуур зэрэг нүдэнд харагдаж байгаа зүйлсээ сольсон бол эдгээрийг тэжээж байгаа цаад шугамаа бас сольж байх хэрэгтэй. Шугам сүлжээгээ мэргэжлийн байгууллагад цаг тухайд нь үзүүлэхгүйгээс болж ус алдахад засвар хийсэн ажил үргүйдэж, өөрөө хохирол амсахаас гадна өрөөлд бас хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс инженерийн шугам сүлжээгээ найдвартай байлгах хэрэгтэй юм.
-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай байгууллага 19 салбар төвтэй, 1600 гаруй ажилтантай. Бүх нийтийн бэлэн байдлын үед 300-310 ажилтан ажиллаж байна. Бид УОК, НОК, ДОК, ЭМЯ-наас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмүүдийг чанд сахин ажиллаж байгаа. Цар тахлын үед манай байгууллага эрсдэлтэйд тооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилчид иргэдээс халдвар авах, иргэдэд халдвар тараах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа болохоор өдөрт 40-50 дуудлага ирж байна. Нэг дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлэх хугацаа 30-40 минут. Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар, олон давхар байшингуудад хүрэлцэхүйц хэмжээний даралттай усыг хүргэх зорилгоор шөнийн цагаар хэрэглээ буурсан үед даралтыг тохируулж багасгадаг, өдрийн цагаар буюу оргил ачааллын үед халуун хүйтэн усыг хэвийн хүргэх систем нэвтрүүлэн ажиллаж байна.
-Оршин суугчдад хандаж юуг уриалах вэ?
-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 7000-5454 тусгай дугаарын утас 24 цагийн турш хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, үйлчилдэг. Мөн цахимаар мэдээлэл өгч байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас “Зөв айл, зөв хэрэглээ” аяныг зохион байгуулж байна. Хэрэглэгч, оршин суугчдыг “Зөв байя, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
