Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулав.
“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
- ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
- Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
- ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
- Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
- ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цэргийн дээд цол хүртээснийхээ дараа:
“Эрхэм генералууд аа, цол хүртэгсэд ээ,
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар цэргийн дээд цол хүртээх зарлиг гаргаж, өнөөдөр батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олголоо. Монгол Улсад 1944 оноос генерал цолыг олгодог болсон уламжлалтай.
Төрийн тусгай албад бол нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай салбар. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа хэлбэрэлтгүй сахин биелүүлж байдагт тань ард олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол бол нэн хүндтэй цол, бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр чинь мөрдөсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай хэмээн захья.
Та бүхэнд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс өнөд оршиж, монгол цэргийн сүр хүч, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон юм.









Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Тод зураг2020/04/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үйл явдал2020/06/17
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Үйл явдал2024/10/29
Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйц...
-
Хэн юу хэлэв...2022/03/21
Хүүхдийн паркийг хүн бүрт нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ


