Дэлхий нийтээр..
Эмгэнэл
/1963-2021/
Бидний дотны анд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Гэндэнсүрэн овогтой Сүхбат 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өвчний учир зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1963 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, 1979 онд Хөвсгөл аймгийн нэгдүгээр 8 жилийн сургуулийг төгсч, 1979-1983 онд Дархан хотын Политехникумд суралцан, өрмийн механикч мэргэжил эзэмшсэн.
Г.Сүхбат нь 1983-1990 онд Хөвсгөл аймгийн Геологийн зураглалын экспидицэд өрмийн мастер, бригадын даргаар 1990-1993 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Ханх сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэрээр залуучуудын байгууллагыг манлайлан ажиллаж, 1991-1992 онд Болгар улсад мэргэжил дээшлүүлсэн юм.
Г.Сүхбат нь 1993 оноос гадаад худалдааны чиглэлээр хувиараа бизнес эрхэлж байгаад 2003 онд “БЦХ” ХХК-ийг байгуулж, 2014 онд компаниа өргөтгөн барилга угсралтын “Акмихолдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр Монгол Улсын барилгын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан, бүтээлч, хөдөлмөрч нэгэн байлаа. Г.Сүхбат нь “Акмихолдинг” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллан, хамт олноо удирдаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Циркийн 20 айлын орон сууц”, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Чингэлтэй дүүрэг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, Баянзүрх дүүргийн 23-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн барилга, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын барилга, Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн Сурагчдын дотуур байрыг барьж, Үндэсний номын сангийн барилгын бүтээн байгуулалтын ажилд хөдөлмөр бүтээлээ зориулж байсан юм.
Түүний улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж МХЗЭ-ийн “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, “ Монгол Улсын Тэргүүний барилгачин” цол тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан юм.
Тэрбээр Монголын бизнесийн салбарынхан, хамт олон, найз нөхдийнхөө дунд өндөр нэр хүндтэй, нутаг орноо гэсэн халуун дулаан сэтгэлтэй, залуусыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь сэтгэл харамгүй тусалж дэмждэг, өөдрөг, өгөөмөр, тусархуу, найрсаг нэгэн байлаа.
Таны ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, элэгсэг дотно, төлөв түвшин дөлгөөн гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Түүний ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/06/02
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа
-
Дэлхий нийтээр..2021/12/27
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/10/16
Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ
-
Үйл явдал2023/01/25
Хотоос мал гаргах ажил үргэлжилж байна
