Дэлхий нийтээр..
Аэробус компанийн салбарт 28.1 сая фунт стерлингийн торгууль ногдуулжээ
Өнгөрсөн Лхагва гарагт Аэробус компанийн салбар Английн Засгийн газраас Саудын Араб Улсын батлан хамгаалахад үзүүлэх үйлчилгээний гэрээтэй холбоотойгоор авлигын хэрэгт буруутгагдаж, 28.1 сая фунт стерлингийн торгууль төлөхөөр болсон. Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас тус компанийн 2008-2010 онд Саудын Арабтай хийсэн гэрээнүүдийг шалгасны үндсэн дээр Европын аэро-сансрын группын хуучин охин компани болох ЖПТ Тусгай төслийн удирдлагыг авлигын асуудалд Саусварк Кроуны шүүхээс буруутай гэж үзэв.
Саудын Арабын Үндэсний батлан хамгаалах салбарт нийлүүлсэн харилцаа холбооны үйлчилгээтэй холбоотой 2 тэрбум фунт стерлингийн гэрээ Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын анхаарлыг татсан. Тус компани 7.5 сая фунт стерлингээр торгуулж, 20.6 сая фунт стерлингийг хураалгахаас гадна шүүхийн хураамж болох 2.2 сая фунт стерлингийг төлөхөөр болжээ.
Шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа “Тус компани нь харилцаа холбооны салбарт ашигтай гэрээ хэлцэл олж авахын тулд өндөр албан тушаалтнуудад их хэмжээний хахууль төлсөн .... Авлига бол нийгмийн хавдар юм” хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн байна.
Их Британийн армийн дэд хурандаа асан Ян Фоксли шүгэл үлээж, ЖПТ-тэй холбоотой гомдол гаргасны дагуу тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8 жилийн дараа ЖПТ-д ял төлөвлөж байна хэмээн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас мэдэгдсэн.
Их Британийн компанийн хувьд шүүхийн тогтоол гаргах нь маш ховор тохиолдол бөгөөд уг тогтоолыг авлигын асуудалд буруутгагдаад байсан Аэробус компанитай Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас 3.6 тэрбум еврогийн хэлцлийг өнгөрсөн жил хийсний дараа гаргасан.
Тус байгууллагаас 3 этгээд буюу ЖПТ компанийн гүйцэтгэх захирал асан Жефри Куук, компанийн туслан гүйцэтгэгч хоёр компанийн санхүүгийн менежер Жон Майсон болон Батлан хамгаалах салбарын албан тушаалтан Теренс Дороти нарт ял төлөвлөөд байгаа аж. Эдгээр гурван этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа юм.
ЖПТ компанийн Батлан хамгаалах яамтай байгуулсан арван жилийн гэрээ нь өнгөрсөн жил дуусгавар болсноор тус компани идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч шүүхээс компанийг нь хэрэгт холбогдуулан татах боломжтой байгаа аж.
Тус компани нь мөрдөн шалгах ажиллагаатай идэвхтэй хамтран ажилласан тул шийтгэлийг хөнгөлсөн хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн бол компанийн хуульч Хьюго Кейт шүүхэд мэдүүлэхдээ “Аэробус болон ЖПТ компаниуд нь гэмт үйлдлийн үр дагавраас зугтах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэжээ.
Улс хоорондын хоорондох дипломат харилцааны асуудлаар зөвшөөрөл өгөх гэх зэрэг зарим нэг асуудлаар Ерөнхий прокурорын газраас зөвшөөрөл хүлээгдэж байсан тул ЖПТ компанитай холбоотой хэрэг хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурорын газарт очсоноос хойш 2020 он хүртэл нэг хэсэг зогсонги байдалд байсан аж.
Энэхүү хэрэг нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын “амаргүй, гайхалтай ялалт” байв хэмээн Авлигын эсрэг гэрэл бүлгийн гүйцэтгэх захирал Сьюзан Хоули мэдэгдлээ.
ЖПТ компанийн дээрх хэрэг нь 2020 оны 1 дүгээр сард Аэробус компанийн охин компаниудын авлигын асуудалтай холбоотойгоор АНУ, Франц Улсын эрх бүхий байгууллагууд, Их Британийн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын зүгээс тус компанитай тохиролцоонд хүрсэн асуудалд огт хамааралгүй хэрэг байсан юм.
ЖПТ компани болон Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын хоорондын хамтын ажиллагаа нь “өнгөрсөн алдаа, дутагдлаас сургамж авах, түүний эсрэг зогсох, хууль тогтоомжийг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ихээхэн хэмжээний арга хэмжээнд тулгуурласан” хэмээн Аэробус компани мэдэгдсэн байна. Мөн ЖПТ компанийн шийдвэр нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас Аэробус компанийг шалгах ажиллагааны төгсгөлийн үе шат байсан юм. “Батлан хамгаалах ажиллагаа нь ямар нэгэн залилан, авлига, хээл хахуулийг үл тэвчих ёстой” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/10/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
-
Дэлхий нийтээр..2021/11/15
Шинэ дайчид 10 километрийн марш үйлдлээ
-
Дэлхий нийтээр..2020/08/14
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар өслөө
-
Хэн юу хэлэв...2020/09/29
У.Хүрэлсүх: Улсын Филармони, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх 2 т...
