Үйл явдал
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ-аас Хэнтий аймагт 60 мянган амны хаалт хандивлалаа
Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60 мянган ширхэг амны хаалт хандивлалаа.
Хандивын амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд сайд М.Батбаяр, нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр энэ үеэр цар тахлын үед Хэнтий аймгийн иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой байдлын албан хаагчдад дэмжлэг үзүүлж, амны хаалт хандивласан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн Л. Мөнх-Аваргад талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр хандивласан амны хаалтыг Хэнтий аймгийн сумдад хуваарилан илгээж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулах болно гэдгээ хэллээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний нөхөн сэргээх мэс заслын эмч Л. Мөнх-Аварга “Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, хууль хүчний байгууллага зэрэг амны хаалт шаардлагатай газруудад” энэхүү тусламжийг дамжуулж өгөхийг хүслээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллага өмнө нь Хэнтий аймгийн алслагдсан сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан бол энэ удаад Хэнтийн аймгийн иргэдэд 60 мянган амны хаалт хандивлалаа.

2016 оны гуравдугаар сард байгуулагдсан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ нь нийгмийн зорилтот бүлгийн эрүүл мэндэд чиглэсэн төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн санаачлагаар 2017 онд хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Амгалан амаржих, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нартай хамтран Говь – Сүмбэр аймгийн Чойр хот, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Биндэр, Өмнөдэлгэр суманд урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, оношлогооны хөтөлбөр, 2018 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, 2019 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв болон “Тиффани Мед” эмнэлэгтэй хамтран ТВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран алслагдсан бүс нутгийн иргэнийг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан, тархины саажилттай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн юм.
Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал Монгол улсад бүртгэгдсэн энэ үед 2020 оны дөрөвдүгээр сард ЭМЯ-нд 3000 ширхэг амны хаалт, 2020 оны 12 сард ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд Дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн, 2021 оны 5 сард УОК-т 24000 ширхэг амны хаалт хандивласан зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлсээр байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
-
Тод зураг2020/04/29
Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэг эрсдэл үүсэ...
-
Үйл явдал2021/06/05
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/06/08
Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт...
-
Тод зураг2020/03/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
