Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт төрийн одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ.
Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ.

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа хэлэв.
Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн сэтгэлзүй, биеийн тамирын офицер, ахмад Т.Билгүүн:

“Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна.”
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Г.Энхсайхан:

“Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна.”
Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ажиллагааны офицер, ахмад Б.Дөлгөөн:

“Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн.”
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 104 дүгээр салбарын орлогч, ахлах дэслэгч М.Билгүүн:

“Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна.”
Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.








Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2024/08/05
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална
-
Дэлхий нийтээр..2025/06/20
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
-
Тод зураг2019/10/16
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Тод зураг2019/08/14
Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
