Дэлхий нийтээр..
“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ирэх сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. "Таван толгой түлш" компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа.
Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм.

Харин "Таван толгой түлш" компанийн баруун бүсийн үйлдвэрт найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна. Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. "Таван толгой түлш" компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм” гэлээ. Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлээс "Таван толгой түлш" компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг” хэмээв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2022/09/23
С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа
-
Дэлхий нийтээр..2026/03/11
120 мянгатын 22 барилгыг хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөх боломжийг с...
-
Тод зураг2020/01/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Чөлөөт бүс2019/05/31
Ц.Энгүүний "Уучлалт гуйх гэж" шинэ дууны КЛИП гарлаа
