Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Цахим уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилснаас хойш хийж буй хоёр дахь уулзалт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав.
Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг
1. Улс төр, аюулгүй байдал
2. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
3. Боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
4. Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлов.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг дурдаад гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд Монгол Улсын шинэ төрийн тэргүүнтэй дээд түвшний уулзалт хийж буй анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаа илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг цаашид улам бэхжүүлж, бодит эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.
Талууд тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн цаашид Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулав. Энэ хүрээнд Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг БНСУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 хороолол”, Баянголын амд түрээсийн орон сууц барих төслүүд болон 10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, III шатны төслийг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан-технологи, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаар болов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тууштай урагшилж ирснийг үнэлж, цар тахлын хүнд үед БНСУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламж үзүүлж, цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авахад харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтож, хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, цар тахлын үед бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав.
Талууд олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин нотлов. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа мөн илэрхийлэв.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/26
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцл...
-
Үйл явдал2022/08/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/12/25
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх ...
-
Дэлхий нийтээр..2020/03/11
Хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуу...
