Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: "Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа.
Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.

Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.
“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна.
Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.


Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Хэн юу хэлэв...2022/09/05
Б.Батцэцэг: Транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохи...
-
Үйл явдал2024/06/04
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/11/23
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт х...
-
Дэлхий нийтээр..2022/08/16
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Казакстан Улс дахь “Daewoo&rdq...
