Дэлхий нийтээр..
Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.
Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.
Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.
Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.

Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2022/06/08
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2023/02/02
“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн сан...
-
Дэлхий нийтээр..2019/06/06
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд бай...
-
Дэлхий нийтээр..2021/05/28
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
