Хэн юу хэлэв...
Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна
Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд ор олдохгүй байна гэх мэдээлэл гарсан. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтын явц ямар байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан. Бид бүрэн тунгийн суурин дээр дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг эхлүүлсэн. Гуравдугаар тунд нийслэлийн хүн амын 11 хувь хамрагдаад байна. Вакцинжуулалтын цэг суурин болон явуулын байдлаар ажиллаж байгаа бөгөөд олон ажилтантай албан байгууллагууд, хэвтрийн хүмүүст гэрээр нь очиж үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч гуравдугаар тунгийн вакцинд хамрагдалт хангалттай биш байна.
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 22 цэгт 167 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Харин 772 хүн л вакцинжуулалтад хамрагдлаа. Тиймээс бид бүтэн сайн өдөр эрүүл мэндийн ажилчдаа амраахаар болсон. Иргэдийг даваагаас бямба гарагийн хооронд гэртээ аль ойрхон цэгт очиж дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдварын эрсдэлд өртөх, халдвар авсан тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол бага байна гэсэн олон улсын судалгаа гарсан. Энэ нь бидний хийсэн ажиглалт судалгаагаар ч харагдаж байгаа юм.
-Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн орны хүрэлцээ муу байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Архаг хууч, суурь өвчтэй, таргалалттай, жирэмсэн эхчүүд хүндрэх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс ор хоног нэмэгдэх, эрчимт эмчилгээний болон хүчилтөрөгчийн хэрэгцээт ороор эмчлүүлэх шаардлага гарч байна. Халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлэх асуудал нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногоос УОК-т дүүрэг бүрээс төлөөлөл оролцсон, ор зохицуулах шуурхай Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 48 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага ор дэлгэн ажиллаж байгаа. Эдгээр байгууллага өмнө нь өөрсдөө өвчтөнөө хэвтүүлэх, гаргах ажлыг зохион байгуулж байсан бол нэгдсэн зохион байгуулалт хийснээр өндөр эрсдэлтэй, хүнд, хүндэвтэр оноштой иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй байх, ор хүлээж цаг алдах асуудлыг шийдвэрлэж чадсан. Тандалт, хариу арга хэмжээний багийнхан иргэдийг улаан болон улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн хэсэгт эрэмбэлэн, улаан, улбар шар эрэмбэд орсон иргэдээ ор зохицуулалтын нэгдсэн удирдлагын төвөөр дамжуулж эмнэлэгт хэвтүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улаан буюу нэн хүнд эрэмбээс 710 хүн, улбар шар буюу эмнэлэгт хэвтэх шаардлагатай эрэмбээс 954 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Өдөрт дунджаар улаан эрэмбийн 120 хүн, улбар шар эрэмбийн 160 хүн эмнэлэгт хэвтсэн байна.
-Коронавирусний хариу арга хэмжээний багт сайн дурын ажилчдыг ажиллуулж байгаа. Хэдэн хүн ажиллаж байна вэ. Сайн дурын ажилд хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах, цалин, урамшуулал ямар байх вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, халдварын эсрэг хариу арга хэмжээний үед дэмжлэгт удирдлагаар хангах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. ӨЭМТ-үүд тухайн хороонд 300 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоогоор хяналт, гэрийн ажиглалт хийн ажиллаж байгаа. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл бид нэмэлт баг гарган ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Баянгол дүүргүүд ачаалалтай байлаа. Бид сайн дурын ажилчид болон өөрийн машинтай иргэдийг тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахыг уриалснаар 550 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүнээс одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан. Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна. Эдгээр иргэний машины элэгдэл, халдваргүйтгэл хийх зэрэг асуудал бий. Энэ ажлын байр халдвар авах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч иргэд маань нийгмийн сайн сайхны төлөө хувийн унаагаараа ажиллаж байгаад талархаж байна.
-Хариу арга хэмжээний багт нийслэлийн 29 байгууллагын ажилчид ажиллаж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?
-Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид халдварын эсрэг хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаанд оролцож байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 910 ажлын байр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн албан хаагчид хариу арга хэмжээний багт ажиллаж, ажлын ачааллаас хуваалцаж байгаад дүүргийн болон ӨЭМТ-ийн ажилчид талархалтай байгаа. ӨЭМТ-үүдэд эмч нарын төрийн бус байгууллага, Глобал сан, Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын ажилчид ажиллаж байгаа юм. Цар тахлын үед хариу арга хэмжээ, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажиллагаа эрүүл мэндийн салбарын ажил боловч хүн хүч хүрэлцэхгүй нөхцөлд сайн дурын ажилчдыг татан оролцуулдаг. Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлээрэй.
-Иргэддээ хандаж анхааруулах зүйл юу байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн онц чухал үед урьдчилан сэргийлэх нь чухал. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баривал эрсдэлд орох, олноор өвдөх тохиолдол багасдаг. Иргэддээ н амны хаалтаа сайн зүүхийг уриалж байна. Амны хаалт бол дөрөвдүгээр тун. Сүүлийн үед иргэд ажил дээрээ, хэлэлцүүлэг, ярилцлага хийх үедээ амны хаалтгүй байх тохиолдол гарч байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайгаа барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулъя.
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үйл явдал2024/11/20
ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг б...
-
Дэлхий нийтээр..2021/02/09
Авлигатай тэмцэх газрын хамт олон Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын аппарат ...
-
Дэлхий нийтээр..2022/12/19
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
-
Дэлхий нийтээр..2020/10/28
Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно
