Дэлхий нийтээр..
Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас өчигдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулжээ. Уг арга хэмжээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Цагдаагийн газар, “Алтан боломж” сургалтын төв, “И-Март” худалдааны төв тэргүүтэй аж ахуй нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн нар оролцож, нийт 4500 гаруй ажлын байранд халагдсан цэргүүдийг зуучилжээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа С.Баярмагнай “Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албанд явсан цэргийн бүх алба хаагчид албаа нэр төртэйгөөр хааж, 100 хувь халагдаж ирсэн. Бид есөн дүүрэг дээр цэргүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бүх төрлийн халамж үйлчилгээг үзүүлж, ажлын байранд зуучилсан” хэмээж байлаа.

Харин 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга “Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар төлөвлөж байна” гэв.
Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэйг сануулж байлаа.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
- Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
- Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
- Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/
- Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
- Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
- Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
- Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
