Дэлхий нийтээр..
Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль, аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Цаашид 500 автобусны тендер зарлавал юу болох бол? Эрх мэдэлтэй хүмүүс нь дарамтлаад, парк шинэчлэлтэд саад учруулаад байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобусны талаарх асуудлаа оруулж, шууд гэрээ хийх боломж бололцоог судалж байна. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай Тендерийн тухай хуулиа эргэн харж, ойлгомжтой болгох талаар зөвлөлдөнө. Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил, төсөл хөтөлбөрүүд дандаа хугацаа алдаж, гацдаг. Одоо байгаа нөөцөөр 537 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, стандартад нийцэхээргүй болж байгаа. Нэг ёсондоо, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй гэхэд болно. Хяналт, шалгалт, хэмжилт хийхэд автобуснуудын ашиглалтыг дахин нэг жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч гэсэн автобусны парк шинэчлэлтээ аль болох хурдан хиймээр байна. Гэвч хуульдаа баригдаад, хуулиар тоглосон зарим аж ахуй нэгжээс болж энэ ажил гацаанд ороод байна. Хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр энэ мэт томоохон компаниудын лобби орж ирдэг.
-Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг тайлбарлахгүй юу?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан байгаа.
-Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон байсан уу?
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. Харин 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа уг төлөвлөгөөнүүдийг нэгтгэн, түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургууд батлагдсан. Гэхдээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн үү?
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

–Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг аж ахуйн үйл ажиллагаа буюу хуульд зааснаас бусад төрлийн зөвшөөрөл гэж бий. Үүнд нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй, хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна.
-Гараараа давс цацсан асуудалд тайлбар хийнэ үү?
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Улаанбаатар хотод хоёр удаа багагүй хэмжээний цас орсон. Тухайн компани, удирдлага, ажилчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн хүний эрүүл мэнд хохирох магадлалтай нөхцөл байдал үүссэн асуудлыг анхааралдаа авсан байгаа. Цаашид уг төрлийн үйл ажиллагааг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зам, талбайн цэвэрлэгээ, цас, мөс арилгах үйл ажиллагаанд 20 гаруй аж ахуй нэгж ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйлүүд зөндөө бий. Улаанбаатар хотын хэмжээнд давс цацдаг 18 машин байдаг. Энэ мэдээж хангалтгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зүгээс цас арилгах ажилтай холбогдуулан техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой төсвийн асуудлыг НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн:
-Ирэх жил зургаан тэрбум төгрөгөөр энэ чиглэлийн техник, тоног төхөөрөмжүүдийг авахаар төлөвлөсөн. Мэдээж бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тулгамдаад буй гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хөрөнгө, санхүүгээ шийдэх шаардлагатай.
-Туул голын далан дээгүүр авто зам барьж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юү?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:
-“Хан хиллс” хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн бөгөөд үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна.
-Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?
-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна. 2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/08/15
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов
-
Дэлхий нийтээр..2019/08/29
Есдүгээр сарын 03-ны өдөр бүх нийтээр амарна
-
Дэлхий нийтээр..2023/04/18
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
-
Үйл явдал2019/06/11
Байнгын хороодын хуралдаан болно
