Дэлхий нийтээр..
Шадар сайд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ мутаци буюу “Омикрон” дэлхийн улс орнуудад бүртгэгдэж, зарим улс орнууд хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан,БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” вирус тархсан дараах улсаас ирж буй гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Үүнд: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве улсууд багтаж байна.
Хоёр жил зогсонги байдалтай байсан аялал жуулчлалын салбар дөнгөж сэргэж байгаа энэ үед дахин хил хаах, хориг тавих асуудал үүсвэл эргээд дампуурах нөхцөл байдал руу орно. Иймд үүссэн нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллах талаар Шадар сайд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй санал солилцлоо.
Аялал жуулчлалын компаниуд хэрэв аялал хийж буй улсад “Омикрон” вирус тархаад хөл хорио тогтоогдсон тохиолдолд аяллын компаниуд захиалгат нислэгээр явуулсан аялагчдынхаа зардал, эх орондоо буцаан татан авах ажлыг хариуцна. Монгол Улсад ирээд PCR тест өгөөд эерэг гарч, тусгаарлалтад орсон тохиолдолд аяллын компани тусгаарлалтын зардлын 50 хувийг төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн газар, УОК-оос эдийн засгаа дэмжин аль болох хаалт хориг тавихгүй байх бодлого, зарчмыг баримталж байна. цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлах боломжгүй. Халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд аялал жуулчлалын салбарын төлөөлөл та бүхэн аялагчдаа халдвар хамгааллын дэглэм баримтлах, тухайн аялж буй улс орондоо хөл хорионд орсон тохиолдолд эрсдэлээс хамгаалах талаар боломжит бүх арга хэмжээг авч ажиллах, мөн халдвар илэрсэн гаднын улсуудад зорчих, дамжин өнгөрөхгүй байхад анхаарч ажиллах нь чухал” гэдгийг аялал жуулчлалын компаниудын удирдлагуудад онцоллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2021/01/12
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Дэлхий нийтээр..2023/11/10
Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10000 оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө
-
Дэлхий нийтээр..2021/02/01
"COVID-19" халдвараас сэргийлье
-
Дэлхий нийтээр..2025/04/23
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдав
