Дэлхий нийтээр..
2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
Нэг. Тавигдах шаардлага
1. Монгол Улсын иргэн байх, эрүүл байх
2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;
3. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
- Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;
- Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;
4. Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна.
Хоёр. Бүртгэл
Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. "БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт"-ыг (Хятад эсхүл Англи хэл дээр бөглөнө);
2. Гадаад паспортын эхний нүүр хуудас
Жич: Хүсэлт гаргагчийн гадаад паспорт нь 2023 оны 3 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй байх шаардлагатай. Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол паспортыг заасан хугацаанд багтаан сунгуулна уу.
3. Боловсролын зэргийн гэрчилгээ (Нотариатаар баталгаажуулсан байх)
Хүсэлт гаргагч нь өөрийн сурч буй эсвэл төгссөн сургуулиас олгосон төгсөлтийн гэрчилгээ эсхүл элсэлтийн гэрчилгээг ирүүлэх ёстой;
4. Дүнгийн хуулбар
Бүх бичиг баримтыг хятад эсхүл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах;
5. HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас
- Хятад хэл дээр суралцах бол HSK-ийн хүчинтэй оноотой байх;
- Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх;
6.Элсэлтийн материал
Магистр, докторын тэтгэлэгт хүсэлт гаргагч нь элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгөх; (Элсэлтийн материал нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нэн тэргүүний баримт бичгийн нэг байх болно.)
7. Суралцах төлөвлөгөө
Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас багагүй, магистр болон докторын оюутнууд 800-аас багагүй үгтэй (хятад эсвэл англи хэлээр бичнэ) байх;
8. Хоёр тодорхойлох захидал
Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсхүл англи хэл дээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ;
9. Ур чадварын бүтээл
Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл /бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (зураг, хар зураг гэх мэт) байршуулна;
10. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх;
11. "Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх
Жич: Эх хувийг өөртөө хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэл дээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан заалтыг чанд баримтлах шаардлагатай. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
12. Цагдаагийн тодорхойлолт
Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх;
Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага
2022 оны 1 дүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтсон цагт бичгийн шалгалт, ярилцлагыг зохион байгуулна. Шалгалтын тухай мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэх тул хүсэлт гаргахдаа холбоо барих хаягаа үнэн зөв бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Дөрөв. Нэн тэргүүнд тавигдах элсэлтийн мэргэжлийн тухай
Тэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулах болно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү.
Хавсралтад:
1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар /Энд дарж үзнэ үү/
2. Нэн тэргүүнд элсүүлэх мэргэжлүүдийн жагсаалт /Энд дарж үзнэ үү/
3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Энд дарж үзнэ үү/
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
