Дэлхий нийтээр..
МЭДЭГДЭЛ: П.Гэндэнгийн байшинг буулгаж, дахин сэргээн босгоно
Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдэлийг гаргаж байна.
Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан.
1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшингийг нь хураасан байдаг.
1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндүламын санаачлагаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музейг байгуулсан.
1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн.
2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг.
Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан.
Дээрх Дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.
Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжснээр:
П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно;
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтанд орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно;
Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна.
ИЙМД:
Сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгуй байхыг хүсье.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
