Дэлхий нийтээр..
Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар холбоно
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ийн урьдчилсан хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд боллоо.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлсэн. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож ачаа тээврийн урсгал, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.
Мөн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.

Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хилийн боомтын дэд бүтцийн холболт” сэдвээр мэдээлэл хийж, бодлогоо танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өнгөрсөн онд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам барих төсөл орсон. Үүнээс гадна Богдхан төмөр зам төсөл, төмөр замын шинэчлэлийн ажил, Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн баруун босоо төмөр зам, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд бий. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, трассын дагуу байх 230 орчим уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оруулж, 13 мянган байнгын ажлын байр, 23 мянган түр ажлын байр бий болно” гэлээ.

Мөн автозамын салбарт 15 боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбосноор зорчигчийн болон тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, 25 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, нүүрс тээвэрлэлтийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ.

Нисэхийн салбарын хувьд манай улсад өнөөдөр агаарын замын дөрвөн боомт бий. Үүн дээр гурван нисэх буудлыг байнгын ажиллагаатай агаарын замын боомт болгон нэмэгдүүлнэ. Цаашдаа ачаа, тээврийн болон зорчигчийн тэр дундаа аялал, жуулчлалын гол бүс нутаг руу чиглэсэн урсгалыг холбох боломж бүрдэнэ. Ингэснээр ОХУ, БНЧУ, БНХАУ зэрэг 20 орчим орны 150 гаруй хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болж, зорчигчийн болон ачаа тээврийн урсгал нэмэгдэх, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болно гэв.

Хилийн боомтууд дахь ачих, буулгах байгууламж буюу терминалын хувьд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод ажиллаж байна. Цаашдаа Булган, Ханги, Бичигт боомтууд дээр хийгдэнэ. Энэхүү төслүүд хэрэгжсэний ачаа нэвтрүүлэх хэмжээ багадаа 55.4 сая тонн буюу 2019 онтой харьцуулах 47 хувиар өсөх тооцоо байна. Холимог тээврийн логистикийн хувьд Гашуунсухайт, Алтанбулаг боомтод түлхүү ажиллана. Уламжлалт технологиос гадна хөрш орны хилийн боомт дээр нэвтрүүлж буй шинэ технологийг өөрийн улсдаа нэвтрүүлэх хэрэгцээ үүсээд байна. Тиймээс хамгийн түрүүнд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтод БНХАУ-ын талаас тавьж байгаа ухаалаг тээврийн систем буюу жолоочгүй тээврийн хэрэгсэл, дүүжин тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч, Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэнэ” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд онцлон хэллээ.
Үдээс хойшхи хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд, “Нью-Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Эм Си Пи Си Жи Ар” компанийн гүйцэтгэх захирал Ж.Батсайхан нар оролцож тус тусын байр сууриа илэрхийлсэн юм.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/11/25
АНХААР! Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ
-
Үйл явдал2024/12/06
Нийт 50.5 тонн давс, 20 тонн бодис, 10 метр.куб дайрга цацаж, авто замын зорчих ...
-
Чөлөөт бүс2020/09/03
Фотошопын сонирхолтой хичээлүүдээс... №1
-
Дэлхий нийтээр..2021/10/12
АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов
