Дэлхий нийтээр..
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа.
Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулсан. Улмаар УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын төслүүдийг боловсруулж, олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд байршуулсан. Мөн журмын төслүүдийг төрийн байгууллага, виртуал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээд, олон нийтийн төлөөллийг хамруулан 6 удаа хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ санал авах ажлыг Азийн сан, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-тай хамтран зохион байгуулсан. Энэ хугацаанд төрийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, иргэдээс нийт 324 саналыг ирүүлснийг хүлээн авч хэлэлцүүлсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар журмуудыг баталснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нарийвчилсан харилцааг тодорхой болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, ФАТФ-ын зөвлөмжийн биелэлтийг хангах нөхцөл бүрдлээ. Тодруулбал, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-аар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбоотой харилцааг, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-аар зохистой засаглал, үйл ажиллагаа, өөрийн хөрөнгийн хэмжээ, тайлан мэдээнд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбогдох харилцаа, ФАТФ-ын “аяллын дүрэм”-ийн харилцааг зохицуулсан.
Харин “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”-аар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой харилцааг, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоосон юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/11/02
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Д.Амарбаясгалан: Манай парламент иргэдийнхээ шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл ...
-
Дэлхий нийтээр..2022/04/11
Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ
-
Үйл явдал2022/08/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
