Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөл бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.
Цар тахлын өмнөх жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч, хөрөнгө оруулагчдын итгэл эрс сайжирч байсныг онцлов.
Монгол Улс цар тахлын өмнөх жилүүдэд ОУВС болон бусад хоёр талт болон олон талт түнштэйгээ хамтран эдийн засгийн бодлогын зөв менежмент, шинэчлэл хийх замаар төсөв, санхүүгийн тодорхой орон зай үүсгэж чадсан нь цар тахлын эсрэг тэмцэлд туйлын чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.
ОУВС-ийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн тэргүүнтэй санал солилцож, ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад онцгой анхаарч байгааг Ерөнхийлөгч хэлсэн бол, ОУВС ч үүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх жилүүдэд Монгол Улс “Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод, Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь реформуудыг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад олон улсын түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын хэсгийн айлчлалд амжилт хүслээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/08/11
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд
-
Дэлхий нийтээр..2021/07/30
Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хура...
-
Үйл явдал2026/04/30
Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын 40 жилийн ой энэ онд тохиож ба...
-
Үйл явдал2022/10/19
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


