Үйл явдал
Монголбанк: Бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүллээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.
Жилийн инфляц 2022 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо.
Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны 1 дүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна.
Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.
Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/05/07
Улбар шар түвшинд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээнэ
-
Хэн юу хэлэв...2019/09/20
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргаа...
-
Үйл явдал2020/06/10
“Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны хүрээнд 567.5 га талбайн хогийг цэвэ...
-
Тод зураг2020/04/17
“COVID-19” вирусээр овоглосон кибер халдлага
