Дэлхий нийтээр..
Дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгааг онцолсон юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна. Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа.
Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгааг НЭМГ-ын дарга тодотгосон. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа аж. Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа ажээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/08
Азийн хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалт боллоо
-
Дэлхий нийтээр..2022/05/24
“Зөв мод-Зөв арчилгаа” уриатай "Ногоон дуу хоолой" аян үрг...
-
Үйл явдал2021/09/14
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/09/28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов
