Дэлхий нийтээр..
“Залуучуудын хөгжлийн сар”-ын хүрээнд соёлын салбарын залуучуудыг дэмжин ажиллаж байна
Соёлын яамны дэргэд соёл, урлагийн 14 чиглэл, 21 аймаг орон нутагт соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулан, салбарын хөгжилд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Жил бүрийн 8 дугаар сарын 12 - “Олон улсын залуучуудын өдөр”, 8 дугаар сарын 25 - “Монголын Залуучуудын өдөр” тохиодог ба 8 дугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон тэмдэглэн өнгөрүүлж, салбар бүр залуучуудын асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, залууст ээлтэй шийдвэр гарган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангаас уриалдаг. "Залуучуудын хөгжлийн сар"-ын хүрээнд Соёлын яам салбарын залуучуудаа дэмжин “Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн их фестивальд “Соёлын өвийн хүрээ-үзэнгээ суралцъя” үйл ажиллагаанд соёлын биет бус өвөө өвлөн уламжлагч залуус өөрсдийн бүтээл туурвилаараа оролцохоос гадна, хүүхэд залууст зааж сургах, фестивалийн зохион байгуулалтад орж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
“Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн фестивальд:
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч залуучуудын хөгжлийн зөвлөл
Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл
Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл
Тайз дэлгэцийн урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл
Дууны урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл
Баян-Өлгий аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс бүрдсэн нийт 32 залуус Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Эх хэл, аман уламжлал, илэрхийлэл, Ардын язгуур урлаг, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага, Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, Уламжлалт арга ухаан, Уламжлалт гар урлалын өргөө, Хүүхдийн хүрээний нэгдсэн хөтөлбөрт орж ажиллах юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/01/09
Барилгынхан НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах зэрэг дөрвөн шаардлагыг Ерөнхий сайд...
-
Дэлхий нийтээр..2021/02/03
"COVID-19" халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг ху...
-
Дэлхий нийтээр..2025/04/11
Зам засварын ажилтай холбогдуулан Ч:76, Ч:79 чиглэлийн замналд түр өөрчлөлт орло...
