Дэлхий нийтээр..
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит нар албан ёсны хэлэлцээ хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 9 дүгээр сарын 4-ний өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэв. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Лаосын харилцааны өнгөрсөн нэгэн жарны хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиг хандлагын талаар ярилцав. Ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнесийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар тогтов.
Талууд тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан төмөр зам тээвэр, логистикийн салбарт үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Лаос Улсын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсонд баяр хүргэж, энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Лаос Улсын тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтойг онцлов. Цаашид Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. .

Мөн Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газрын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах чиглэлд талууд хамтран ажиллахаар тогтов.
Талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, БНАЛАУ-ын Засгийн газрын 2025 он гэхэд нийт газар нутгийн 70 хувийг буюу 16.6 сая га газрыг ой моджуулах зорилгыг дээрх санаачилгатай уялдуулан хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.

Сайд Б.Батцэцэг БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн орсон улс орнуудын нэг байсныг онцолж, тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэнд болон судалгааны төвийн даргын сонгуульд Монгол Улсын нэр дэвшигчийг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох асуудалд лаосын тал дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.


Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газарт 2018 онд 1050 толгой хонь хүмүүнлэгийн тусламж болгон олгосонтой холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 199 тоот зарлигаар Монгол Улсын Засгийн газарт “Найрамдал” медаль олгохоор шийдвэрлэсэн болно. Энэ удаагийн айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит тус медалийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гардуулав.

Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
