Үйл явдал
Парламентын боловсрол - Сургагч багш" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно
УИХ-ын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн зорилго нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм. Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Парламентын боловсрол” хичээлийг тусгахаар зорин ажиллаж байна.
Маргаашийн арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, мөн тус хөтөлбөрт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ухааны чиглэлээр ажиллаж байгаа 100 багш оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2020/08/19
Дарь-Эхийн замыг энэ сарын 27-нд нээх хугацаатай үүрэг даалгавар өглөө
-
Чөлөөт бүс2022/01/28
Бээжин /зураглал/
-
Дэлхий нийтээр..2026/07/22
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжэ...
-
Дэлхий нийтээр..2022/10/20
Эрээн өртөөнд 2466 экспортын чингэлгийг хүлээлгэн өгчээ
