Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрднэбат нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа.
Сэлэнгэ аймаг дахь ажлын томилолтыг орон нутгийн газар, нэгжийн удирдлага болон төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар эхлүүүлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхдагч 3 хуулийн төсөл, 1 хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 6 хууль, 1 тогтоолд өөрчлөлт оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, холбогдох 7 дүрэм, журмыг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг боловсруулаад байна. Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрх зүйн орчны өөрчлөлтөд анхаарал хандуулан УИХ-ын 2022 оны намрын чуулганы хугацаанд Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай зэрэг бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна.
Мөн Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүтгэлийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж, цахим ситсемд шилжүүлээд байна. Ингэснээр дотооддоо тариалсан, гарал үүсэл тодорхой хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус бүс нутагт нэг жилд 50-100 сая ширхэг мод тарих боломжийг бүрдүүлээд байна гэсэн бол аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мод үржүүлэх, суулгах талбай бэлтгэхэд зарим газрыг чөлөөлөх шаардлага үүсдэг. Гэтэл тухайн газрыг заавал дуудлага худалдаагаар оруулах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд уг зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. Аймгийн 17 сумын хэмжээнд нийт 36.7 мянган тонн багтаамж бүхий хүнсний ногоо хадгалах, нүхэн болон механик зоорь байгаа аж. Үүнд өвлийн хүлэмж, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа.
Сэлэнгэ аймгийн газар тариалангийн тухайд
Сэлэнгэ аймаг 4.1 сая га талбайтай, нийт нутгийн 50.0 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ. 78.4 хувийг бэлчээр, 6 хувийг хадлангийн талбай, 0.2 хувь хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлдэг аж. 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 30.3 мянган га талбайг ангилан хадаж, 19.7 мянган га-аас 11.9 цн буюу 23.4 мянган тонн улаанбуудай 14.5 хувьтай, 0.9 мянган га-аас 11.0 мянган тонн төмс 42.0 хувьтай, 1.2 мянган га-аас 1.3 мянган тонн хүнсний ногоо 40.6 хувьтай, 0.1 мянган га-аас 0.2 мянган тонн тэжээлийн ургамал 0.8 хувьтай, 0.4 мянган га-аас 0.2 мянган тонн тосны ургамал 0.9 хувьтай тус тус хураан авч, нийт үр тариа 12.8 хувьтай байна.
УИХ-ын дарга, гишүүд үргэлжлүүлэн Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байгааг, мөн тус чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлттэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг дэмжих нь чухал гэдгийг УИХ-ын дарга, гишүүд онцолж байв.
Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд
Чөлөөт бүс хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт тусгагдсан. Алтанбулаг чөлөөт бүсэд 2003 оноос нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм байна. Үүнд хамтран ажиллах гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгжтэй, газар эзэмшин ашиглаж байгаа 126 иргэн, аж ахуйн нэгжтэй, хөрөнгө оруулалт хийсэн 54 аж ахуйн нэгж 12.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Одоогоор цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил-цахилгаан хангамжийн 35/10 кВа дэд станцын барилга өргөтгөлийн ажил хийгдэж байгаа юм байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/09
“Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна
-
Үйл явдал2020/12/22
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/02/21
"Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болов
-
Дэлхий нийтээр..2025/10/01
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өрг...
