Дэлхий нийтээр..
Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй
Туршилтаар
Иргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс А-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд 9 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А нь хохирогчтой харилцан маргаж, зодолдох үедээ түүнийг хутгалж санаатай алсан үйл баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, уг нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг шууд харсан гэрчүүдийн мэдүүлгээр “өөр хүн амь хохирогчийг хутгалж алсан байж магадгүй” гэх эргэлзээ байхгүйгээс гадна хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдон тэсвэрлэшгүй хэцүү нөхцөл байдалд орсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдан хүнийг алсан гэж хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэг үйлдэгдсэний дараа А-г сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бий болсон байхад мөрдөгч нь А-аас хууль сануулан өөрийнх нь эсрэг авсан гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцоогүй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бусад баримтат мэдээлэлд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөрдөгч болон прокурор нь гэмт хэргийг мөрдөн шалгахдаа зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж, хуульд заасан журмын дагуу хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүрэгтэй.
Тодруулбал, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан баривчлах үед түүнд ямар учраас баривчилж байгааг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг мөрдөгч заавал сануулах үүрэгтэй бөгөөд хүний эдгээр суурь эрхийг эдлүүлээгүй, энэ журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулах нь хууль зөрчсөнд тооцогдоно.
Энэ тохиолдолд мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон иргэн А-д “мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулах” байдлаар түүнээс гэрчийн мэдүүлэг албадаж авсан нь гэмт хэрэгт холбогдсон хүний өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, түүнчлэн “…өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглох” хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүй бөгөөд ийнхүү авсан мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан байна.
| Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу. |
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
