Хэн юу хэлэв...
С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал
Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй макро эдийн засгийн байдал, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.
-Макро эдийн засгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэнэ үү?
Бид эдийн засгийг гадаад сектор, санхүүгийн сектор, төсвийн сектор, бодит сектор зэрэг гол бүлгүүдэд хуваан шинжилдэг. Гадаад эдийн засгийн орчныг авч үзэхэд хэдийгээр өнгөрсөн оны эхнээс худалдааны маргаан ширүүссэн ч нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ, хөрөнгө оруулалтын орох урсгал боломжийн түвшинд байна. 2019 онд экспорт түүхэн дээд түвшинд, ГШХО 2018 онтой ойролцоо байх төлөвтэй. Санхүүгийн секторт зээлийн хүү 2011 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурч, банкны зээлийн өсөлтийн 3/4-ийг бизнесийн зориулалттай зээл бүрдүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Өнгөрсөн онд 40-50% давж хэт хурдтай өсч, эрсдэл үүсгэж болзошгүй байсан хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын үр дүнд тогтвортой түвшинд орж буурлаа. Төсвийн секторт орлогын гүйцэтгэл өндөр хэвээр байна. Татварын орлого өнгөрсөн онд 30% орчим өссөн бол 2019 онд нэмээд 20% орчим өсөлттэй яваа нь эдийн засгийн идэвхжлийг илэрхийлж байна. Зардал талд цалингийн өсөлт, хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийг дэмжих нөлөөтэй. Төсвийн тэлэлтийн инфляцид үзүүлэх нөлөөг нь Монголбанк анхааралтай харж байна. Тэгэхээр, эндээс дүгнэхэд валютын орох урсгалууд, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, төсвийн зардал зэрэг нь бодит сектор дахь идэвхжлийг санхүүжүүлж байгаа нь харагдана. Мөн эдийн засагт оролцогчдын итгэл харьцангуй өндөр байгаа нь хэрэглээ, хөрөнгө оруулалтуудыг дэмжиж, ДНБ өсөлтийг тэтгэж байна.
-Одоотой харьцуулахад 2014-2016 оны хүндрэлийн үеийн эдийн засаг ямар байв?
2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байсан. өрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21%-аас 29% болж өссөн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байв. Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажуудсан байв. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй ЗГҮЦ арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байлаа. Банкууд өндөр хүүтэй ЗГҮЦ-т их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшиж байсан гэсэн үг. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлж байсан. Ингээд уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны 2 дугаар хагаст тохиож, Монгол улс 1) үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал, 2) банкны хямрал, 3) төсвийн хямрал улмаар гадаад өрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр ирсэн.
-ДНБ-ийн бодит өсөлт 7 хувь орчим байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт. Эдийн засаг сэргэхэд мөнгөний бодлого хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?
Хүндрэлийг даван туулах санхүүгийн нөөц Монгол улсад үлдээгүй байсан тул олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтарч ажиллахаас өөр гарц, арга зам байгаагүй. өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, макро тохиргоонууд, банкны салбарт хийгдсэн реформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого дээр шаардлагатай тохиргоог хийсэн нь амаргүй байсан хэдий ч урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болсон. Түүнчлэн, 2017 оноос гадаад орчинд түүхий эдийн эрэлт нэмэгдсэн нь сайн дэмжлэг болсон. Эдийн засаг тогтворжсоноор банкны салбар 2018 онд 22.1 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сард 15 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засагт нийлүүлсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9% байгаа нь 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Түүнчлэн 2018 оны 2-р улирлаас хойш 6 улирал дараалан бизнесийн зээл 2 оронтой тоогоор өсч байгаа нь ажлын байр бий болох хөрөнгө оруулалтууд хийгдэхэд чухал түлхэц юм. Харин Төв банк өөрөө мөнгө нийлүүлэх бус, бодлогын сахилга батыг хадгалж, валютын нөөцөө нэмэгдүүлж, мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн ерөнхий орчныг тогтвортой хадгалж байна. Гадаад зах зээл дээр тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед цаашид хүлээгдэж буй сорилтууд, эдийн засагт үүсч болзошгүй чичиргээг даван туулахын тулд мөнгөний бодлого одоо эдийн засгийг нэмж хурдлуулах бус, тэнцвэрийг нь хадгалах, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалахад энэ маш чухал юм.
-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьдралд хүртэхгүй байна гэж их ярьдаг. Хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд мөнгөний бодлого яах хэрэгтэй вэ?
өсөлтийн хүртээмж өнөөдөр дэлхий даяар тулгамдсан том асуудал болж байна. Гэхдээ энэ нь дан ганц мөнгөний бодлогоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Үр өгөөж нь илүү олон хүнд мэдрэгдэхийн тулд нэн тэргүүнд өсөлт аль болох тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх шаардлагатай. Харин эдийн засаг тогтворгүй, савлагаа ихтэй, эсвэл өсөлт бий болохгүй жилүүд олон байвал хүртээмжийн тухай ярих нь өөрөө утгагүй болно. Иймд макро тогтвортой байдлыг хадгалах сахилга баттай бодлого маш чухал. Үүнд мөнгөний бодлогын гол хувь нэмэр нь инфляцийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой байдлын үндсийг бүрдүүлэхэд оршино.
-Эдийн засгийн тулгамдсан асуудал, эмзэг байдал нь юу вэ?
Хэдийгээр эдийн засаг 2-3 жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч суурь эмзэг байдлууд оршсоор байна. Нэгт, өрийн асуудал. Хувийн болон улсын секторын нийлсэн гадаад өр $29 тэрбум, үүнээс $14 тэрбум орчмыг ирэх 4 жилд төлөх хуваарьтай. Дээр нь өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь санхүүгийн секторт ч, бодит эдийн засагт ч нэг эмзэг байдал болж байна. Хоёрт, төлбөрийн тэнцлийн эмзэг байдал. Валютын гол орох урсгал экспорт маань гадаад орчны байдал, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай; цөөн улс, цөөн салбар, цөөн бараа бүтээгдэхүүний нөлөө өндөр хэвээр байгаа нь эмзэг байдлыг үүсгэж байна. Мөн дотоодын хуримтлал хангалтгүй тул хөрөнгө оруулалтыг гаднаас татаж хийхээс өөр сонголт хязгаарлагдмал, харин ГШХО цөөн салбар, цөөн төслөөс өндөр хамааралтай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
